ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
БАЯН, ХӨДӨЛМӨР НЭГДЛҮҮД НЭГДЭЖ БАЯСГАЛАНТ ХӨДӨЛМӨР НЭГДЭЛ БОЛЖ, БАЯНТҮМЭН СУМ БАЙГУУЛАГДСАН НЬ

 Баян, Хөдөлмөр хоёр нэгдэл бүх гишүүдийн санал асуулга явуулж 1957 оны 11-р сард хоёр нэгдэл нэгдэж даргаар нь Хөдөлмөр нэгдлийн дарга Санжмятавын Батмөнхийг, орлогч даргаар нь Амьтаны Амгалан нарыг сонгож нэгдлийнхээ нэрийг “Баясгалант хөдөлмөр” гэж тогтон хоёр талаасаа оролцуулан нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгосон байна.

Ийнхүү хоёр нэгдэл нэгдэж хамтын томоохон аж ахуй болж засаг захиргааны ажлыг  хорины хэмжээнд явуулахад хүндрэлтэй болсны улмаас дээд газарт удаа дараа санал тавьсны үр дүнд 1959 оны 4 сарын 15-нд  IX хориныг татан буулгаж Баянтүмэн сум байгуулахаар Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлиг гарч уг зарлигийг үндэслэн аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын захирамжаар Баянтүмэн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар Баясгалант хөдөлмөр нэгдлийн дарга С.Батмөнхийг, орлогч даргаар хорины дарга Л.Жигмэд, нарийн бичгийн даргаар Арав жаргалант суманд ажиллаж байсан Жамбын Өлзийхутаг нарыг томилжээ. Тэр үед Баясгалант хөдөлмөр нэгдлээс сумын захиргааны контоорын зориулалтаар 3 өрөөтэй байшин гарган өгч 1959 оны 4 сарын 15-нд сумын 3 дарга ажлаа явуулж эхэлснээр Баянтүмэн сумын түүх эхэлж байна. 1961 онд аймгийн төлөвлөгөөний комиссын орлогч даргаар ажиллаж байсан Очирын Дамдинсүрэн (Ховд аймгийн Мянгад сумын хүн) сумын орлогч даргаар ирж, орлогчоор ажиллаж байсан Л.Жигмэд нарийн бичгийн дарга болж, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Өлзийхутаг аймаг шилжсэн байна. Баясгалант хөдөлмөр нэгдэл нь аймагтаа байтугай улсын тэргүүний нэгдлийн нэг болж сум нэгдлийн дарга С.Батмөнх, саальчин Д.Дэлгэрцэцэг нар ардын их хурлын депутатаар сонгогдож нэгдлийн гишүүн Хургын Балжинням нь 1966  онд Улсын аварга төлчин цол тэмдгээр, нэгдлийн орлогч дарга А.Амгалан хоёр дахь удаагаа төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдаж байв. Сум нэгдлийн дарга С.Батмөнх нь МАХН-ын төв хорооны бүгд хурлын гишүүн болж байв.                        1960-аад оны эхээр Хан-Уул сум татан буугдаж тэндэхийн олонх өрх айл Баянтүмэн суманд нутагтайгаа шилжин ирж Халх голын зарим айлууд ирж Баруун Шорвогийн урд хуучин Хан-Уул сумын төв байсан газарт нэгдлийн томоохон бригад болон төвлөрсөн байна. Энэ үед Баянтүмэн сумын малын тоо толгой хэт олон боллоо гэж үзэн голын хойд талын бригадын 20 гаруй өрхийн 100 орчим хүн 10 гаруй мянган малтайгаар 1960 онд Булган суманд шилжүүлсэн байна. Сум нэгдлийн дарга С.Батмөнхийн үед малын их эмч Гунаагийн Мягмар 1962 онд ХАА-н дээд сургуулийг төгсөж ирснээр Баянтүмэн сум анхны малын их эмчтэй болжээ. Тухайн үед мал аж ахуйн бүх багууд малын бага эмч, санитарчтай  байсан бөгөөд ахмад эмч С.Гомбожав, Д.Гомбожав, н.Сандагдорж нарын хүмүүс ажиллаж байв. 1965 оноос дээд мэргэжлийн зоо текникч Дүгэрийн Энэбиш, дунд мэргэжлийн зоо техникч Жамбалын Сүрэнжав нар Баянтүмэн сумын анхны зоо техникчдээр ажиллажээ. Г.Мягмар нь 1965 оноос Баянтүмэн сум нэгдлийн даргаар 1969 он гартал ажилласан байна. 1969 оноос сум нэгдлийн дарга Г.Мягмар нь Улаанбаатар хотод шилжиж оронд нь Гурванзагал сум нэгдлийн даргаар ажиллаж байсан Очирын Жанлав томилогдон 1975 он хүртэл ажиллав. Баянтүмэн сумын Баясгалант хөдөлмөр нэгдлийг түшиглүүлэн ЗХУ-ын хүч хөрөнгөөр 400 үнээний саалийн механикжсан фермийг Чойбалсан хотын хүн амыг сүүгээр хангах чиглэлээр байгуулжээ. Энэ фермд тэр үеийн ЗХУ-ын сүүний чиглэлийн талын улаан үүлдрийн үнээг авч саалинд ашигласнаар Баянтүмэн суманд сүүний чиглэлийн үхэр үржүүлэх ажил эрчимжсэн байна. 1983-1989 онд саалийн үнээний тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, төмс, хүнсний ногоо тариалах үндсэн дээр 1000 га-гийн услалтын системийг Унгарын техник эдийн засгийн үндэслэлээр барьж үр тариа, даршны ургамал, төмс, хүнсний ногоо тариалж байв.

Мэдээ оруулсан: 2019-07-26 13:42:32