Хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр байгууллагын иргэдийн үйл ажиллагааг улсын хил хамгаалалтад идэвхтэй татан оролцуулах, хилчид хил орчмын ард иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд удирдамж, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг зохион байгуулав.
Төлөвлөгөөний дагуу Баянтүмэн сумын газар нутагт байрлах 0132 дугаар ангийн 1, 2, 3 дугаар хилийн заставт ажиллаж буй ажилтан албан хаагч, гэрээт болон хугацаат цэрэг, мөн хил орчимд амьдардаг иргэдийг хамруулан МУ-ын Хилийн тухай хууль, Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлигаар батлагдсан “Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам”, мөн малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар сургалтыг ХШҮ-ний мэргэжилтэн Э.Нарангарав, МЭҮТ-ийн дарга Б.Болормаа, аймгийн хилийн 0132 дугаар ангийн Хилийн албаны дарга Алтангэрэл нар тус тус зохион байгууллаа.
Энэ өдөр сумын Засаг дарга, түүний Тамгын газрын албан хаагч нар бүрэлдэхүүнээрээ явсан бөгөөд иргэдэд тулгамдсан асуудал болон хууль эрх зүйн талаарх асуултанд бүрэн хариулт өгөв.
Сургалтын дараа хил хамгаалалтад иргэдийг татан оролцуулах ажлыг идэвхжүүлэх талаар хэлэлцүүлгийг застав бүрт зохион байгуулж иргэд болон хил хамгаалах байгууллагын ажилтан нарын санал санаачлагыг авч үйл ажиллагаандаа тусгаж ажиллахаар боллоо.
Иргэд, хил хамгаалах байгууллагын ажилтан нараас гарсан санал санаачлагыг дурдвал:
• Туслах хүчний гишүүдэд радио станц авч өгөөд хилийн байгууллага туслах хүчний гишүүд шууд холбогдож ажиллавал үр дүнтэй байна. Радио станц нь нэг удаа л зардал гараад дахин ашиглахад зардал гарахгүй нь үйл ажиллагаанд давуу талтай. Утсан холбоо хэдий хөгжсөн ч нэгж байх байхгүй асуудал гарч ирнэ. /3-р застав/
• Хил орчимд шуудан холбооны асуудал хүндрэлтэй байдаг. Иймд сүлжээ сайжруулах талаар орон нутгаас анхаарч өгөөч. /1-р застав/
• Хил орчимд ундны ус хатуулаг ихтэй байдаг учир гүний худаг гаргаж өгөх талаар анхаарах /1-р застав/
• Заставын малыг малын вакцин, туулгалтад бүрэн хамруулж ажиллах
• Туслах хүчин Ганхуяг: туслах хүчний дэвтэр гэж үнэхээр зөв зүйтэй дэвтэр гарч байгаа юм байна. Бид энэ зун хилийн бүсэд өвс түүж байгаа иргэдийг газар дээр нь илрүүлж зохих шатны байгууллагад хүлээлгэн өгсөн байгаа. Бид хийсэн ажлаа тайлагнадаг дэвтэр нь зөв зүйтэй юм байна.
• Сумын хэмжээний малчин иргэдийн малын им, тамганы судалгааг гаргаж ажиллавал уруудаж ирсэн малыг эзэнжүүлэхэд дөхөмтэй байх болов уу.
• Орон нутгийн зүгээс хилийн заставын харуулын байрны засварыг тусламж өгөх бололцоо байгаа талаар хүслээ.
• Аймаг, сумын төсөвт хил хамгаалах үйл ажиллагаанд тодорхой хэмжээний төсөв баталж байвал хилийн зөрчил багасах цаашлаад олон ажилд үр дүн гарна.
Хил орчимд амьдардаг сумын харьяат 8 иргэн хил хамгаалах ажиллагаанд туслах хүчнээр ажилладаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээний үеэр туслах хүчний тоог нэмэгдүүлж шинээр иргэдийг хамруулан үнэмлэхийг гардуулав.
Монгол улсын Хил хамгаалах тухай хууль болон хил хамгаалах үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах журмаар сургалт гарын авлаг бэлтгэн “Амьдралд ойрхон эрх зүй” товхимлд оруулж иргэдэд тараалаа.
Засаг даргын Тамгын газрын хамт олон нь хилийн 3 дугаар заставт урлагийн тоглолт тоглон, тэмцээн уралдаан, үдэшлэг цэнгүүн зохион байгуулахын хамт застав бүрт дурсгалын зүйл, хугацаат цэргийн албан хаагч нарт гарын бэлэг гардуулан сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ажиллав.
Уг үйл ажиллагаанд хил хамгаалах байгууллагын ажилтан, хил орчимд амьдардаг иргэд, мөн туслах хүчин нийт 72 иргэн хамрагдав.
Мэдээлэл бэлтгэсэн: ХШҮ-ний мэргэжилтэн Э.Нарангарав