ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
ДУГААР-1

“ТӨР АМГАЛАН  БОЛ
ТҮМЭН  АМГАЛАН”


НЭГ. ЗАХИРГАА-ХУУЛЬ
1.    Иргэн ба захиргаа:

Төрийн үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг хангаж, энэхүү үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй, ил тод, хүртэмжтэй байх ёстой. Энэ зорилгоор шударга ёсонд нийцүүлэн хүний эрх зөрчигдөхөөс хамгаалан, хүний эрхийг баталгаажуулж хэрэгжүүлэх үүднээс Улсын Их Хурлаас бүх нийтээр дагаж мөрдөх хуулийг баталдаг.

Хуулийг хэрэгжүүлэхэд тухайн салбараар дагнан мэргэшсэн захиргааны байгууллага шаардлагатай.
Хуулийг хэрэгжүүлэх, түүний биелэлтийг хянан шалгах, үнэлэх явцдаа хууль зөрчсөн иргэд болон байгууллага, аж ахуйн нэгжид  хууль ёсны шаардлага гарган захирамжилдаг тул захиргааны байгууллага  хэмжээн нэрлэдэг. Жишээ нь: тодорхой хуульд заасан баримт бичиг, акт, захирамж, шийдвэр гаргах, торгууль, шийтгэвэр ногдуулах гэх мэт.
Захиргааны байгууллага нь босоо шаталсан чиг үүргээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл дээрээс доош шатлан захирагдаж, хууль, дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрт үндэслэн шийдвэр гаргаж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.

Захиргааны байгууллага албан тушаалтны хамгийн нийтлэг үүрэг бол:

1.    Хүний эрхийг хангах нөхцөл, баталгааг бүрдүүлэх.
2.    Хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэж, зөрчигдсөн эрхийг сэргээх
3.    Иргэдээс гаргаж буй өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх

Төрийн захиргааны байгууллага нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тухай бүрдээ ялгаатай үүрэг хүлээсэн байдаг. Жишээ нь: Баг хорооны Засаг дарга нь багийнхаа өндөр настанг судалж бүртгэн, хуульд заасан тэтгэвэр тэтгэмж олгуулах, хөнгөлөлт үйлчилгээнд хамруулах арга хэмжээ авах, зохих тодорхойлолт гаргах, холбогдох баримт бичгийг бүрдүүлж холбогдох байгууллагад өгөх зэрэг үүргийг хүлээдэг.

Иргэн та захиргааны байгууллагын өмнө ямар эрх эдлэх вэ?

Иргэд захиргааны байгууллагатай чөлөөтэй, нээлттэй харилцаж, гаргах шийдвэрт нь саналаа тусгуулж, ямарваа шударга бус, хууль бус үйлдлээс хуулиар баталгаажсан эрхээ хамгаалуулах нь чухал. Нөгөө талаас захиргааны байгууллага ийм нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Үндсэн  хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах асуудлыг бусад хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Жишээлбэл: иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн бүхий л төрлийн халамж үйлчилгээ үзүүлэх, иргэдийн өргөдөл, хүсэлтийн дагуу тэдэнд газар өмчлөлийн гэрчилгээг олгох, баталгаажуулах, аж ахуйн нэгж байгууллагыг нь бүртгэлд авч гэрчилгээ олгох гэх мэт төрийн үйлчилгээг Нийгмийн халамжийн тухай, Газрын тухай, Улсын бүртгэлийн тухай зэрэг олон хуулиар зохицуулдаг.

Иргэн эрхээ хамгаалах нь:

Иргэд захиргааны байгууллагатай харилцахдаа тодорхой эрхийг эдэлж, түүнтэй холбоотой үүргийг хэрэгжүүлдэг. Захиргааны байгууллага ч иргэний эрхийг хангах холбогдох үүргийг хүлээж байдаг.

Иргэн    Захиргаа
Хүний эрх, эрх чөлөө    Захиргааны шийдвэр, үйл ажиллагаа
Өргөдөл гомдол гаргах эрх    Өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүрэг
Мэдэх эрх    Хүссэн мэдээллийг өгөх үүрэгтэй

Иргэдийн хамгийн нийтлэг эрх:

1.    Мэдэх эрх буюу мэдээлэлтэй байх эрх
2.    Өргөдөл, гомдол гаргах эрх буюу өөрийн өмнө тулгарч буй асуудлаа шийдвэрлүүлэхээр хандах эрх
3.    Захиргааны хэргийн шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах

Эдгээр эрх нь үндсэн хуулиар баталгаажуулсан бусад эрх, эрх чөлөөгөө бүрэн эдлэх боломжийг бүрдүүлдгийг анхаарах хэрэгтэй.




“ТӨР ТӨМБӨГӨР
ЁС ЁМБОГОР”



2.    Миний мэдэх эрх:

Мэдэх эрх буюу мэдээлэл олж авах, хүртэх эрх нь Үндсэн хууль болон мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар баталгааждаг.
 
 
Иргэн яагаад мэдээлэл олж авах эрхтэй вэ?

Яагаад гэвэл бид төр нь иргэндээ үйлчилдэг ардчилсан нийгэмд амьдарч байна. Иргэд өөрөө сонгож, төрөө санхүүжүүлдэг учраас мэдэх эрхтэй байдаг. Гэхдээ иргэдэд гагцхүү үнэн, бодитой, тэнцвэртэй мэдээлэл хэрэгтэй.

    Мэдэх эрх гэж юу вэ?

    Энэ нь иргэний мэдээлэлтэй байх эрх юм. Энэ эрх чөлөөгөө эдэлснээр иргэд бодитойгоор эрх мэдэлтэй болж, төрийг өөртөө үйлчлүүлэх нөхцөл бодитой бүрдэнэ гэсэн үг.

    Мэдээллийн эрх чөлөө нь иргэд эрхээ хамгаалах хэрэгсэл болдог. Харин мэдээлэл авах тухай иргэн хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч байгаа холбогдох байгууллага, албан тушаалтан иргэнд хуульд зааснаас бусад шаардлага тавихыг хориглодог.

Мэдээлэл хүсэгч иргэн нь эрхээ эдлэхээс гадна мэдээлэл авахдаа дараах үүрэг хүлээнэ:

-    Хуульд заасан мэдээлэл авах журмыг биелүүлэх

-    Мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхдээ МУ-ын Үндсэн хууль, бусад хууль, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх

-    Авах мэдээллээ бодитой тодорхойлсон байх


Иргэн ямар мэдээлэл авах эрхтэй вэ?

Манай улсад дор дурдсан хуулиар зарим мэдээллийг нууцалснаас бусад мэдээлэл нээлттэй ил тод байдаг. Үүнд:
•    Төрийн нууцын тухай хуулиар үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, тагнуул, гүйцэтгэх ажлын тухай мэдээллийг нууцлахаар баталсан байдаг бөгөөд нууцлах мэдээллийг жагсаалтыг мөн л хуулиар жагсааж өгдөг.
•    Байгууллагын нууцын тухай хуулиар тухайн байгууллага өөрөө нууцаа тогтоодог бөгөөд нууцаа хамгаалах журмыг баталж мөрдөх үүрэгтэй.
•    Хувь хүний нууцын тухай хуулиар хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ баримт  бичиг, биет зүйлийг хувь хүний нууц гэж үзэн хамгаалдаг. Тухайлбал: Захидал харилцааны , эрүүл мэндийн, хөрөнгийн, гэр бүлийн талаарх мэдээллийг хамруулсан байдаг.

Хэрэв албан тушаалтан, ажилтан мэдээлэл өгөхөөс татгалзвал шалтгаанаа заавал нотлох ёстой. Хуулийн дагуу мэдээлэл өгөхөөс үндэслэлгүй татгалзсан албан тушаалтан, албан хаагчид захиргааны хариуцлага ногдуулдаг.

Төр түүний байгууллагаас ямар мэдээлэл авах вэ?

Төр, түүний байгууллагуудад иргэний өдөр тутмын үйл хэрэг, аж амьдралтай шууд хамаатай маш олон мэдээлэл байдаг. Үүнд:

-    Байгууллагын зохион байгуулалт, эрхлэх ажил үүрэг,боодлого
-    Байгууллагын шийдвэр, санхүүгийн үйл ажиллагаа
-    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа
-    Албан тушаалтнуудын эрх мэдэл, ажил үүргийн хуваарь
-    Байгууллагын дотоод дүрэм, журам
-    Иргэдэд зориулсан үйлчилгээний тухай тушаал, шийдвэр, журам дүрэм
-    Иргэдийн эрхийг хангахтай холбоотой бичиг баримт гэх мэт

Эдгээр мэдээллийг иргэдэд чөлөөтэй  авах боломжийг бүрдүүлэн мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах нь төр, түүний байгууллагын үүрэг юм.

Мэдээлэл авсныхаа төлөө иргэн төлбөр төлөх үү?

Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө. Үйлчилгээний хөлс нь уг мэдээллийг өгөхтэй холбогдон гарах, хувилах, шуудангаар хүргүүлэх зэрэг шууд зардлаас хэтэрч болохгүй.

Иргэний хүссэн мэдээллийг ямар журмаар өгөх вэ?

Хариуг нь шууд өгөх боломжтой хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж хариуг өгөх ба хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийг хүсэлт гаргасан иргэн хуулийн этгээдэд ажлын 7 өдрийн дотор өгөх бөгөөд хүсэлтийг иргэд хамтран гаргасан бол тэдгээрийн төлөөлөл болох нэг иргэнд мэдээллийг өгнө.

Иргэнд мэдээлэл өгөхөөс татгалзвал яах вэ?

Тухайн иргэн гомдол тавих эрхтэй. Гомдол, асуудлаа дараах шат дарааллаар шийдвэрлүүлэх эрхтэй.

3.    Миний өргөдөл гомдол гаргах эрх

“ҮНЭНИЙГ ОЛОГЧ ХУУЛЬ
ҮЕИЙГ ОЛОГЧ ХУТГА”

Иргэн хүн захиргааны байгууллагатай харилцах үндсэн хэлбэр нь захиргааны байгууллага, албан тушаалтанд өргөдөл, санал, хүсэлт гаргах, гомдол мэдүүлэх, байдлаар илэрдэг. Жишээлбэл: газар өмчилж авах, тусгай зөвшөөрлөө сунгуулах гэх мэт.

Гомдол нь захиргааны байгууллагын буруугаас иргэн, хуулийн этгээдийн эрх нь зөрчигдөж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гаргасан хүсэлт юм.
Өргөдөл нь тодорхой ажиллагааг эхлүүлэх, эсхүл дуусгавар болгуулах тухай захиргааны байгууллагад гаргасан хүсэлт.
Хүсэлт нь өөрт болон бусдад тулгарч буй асуудлыг шийдвэрлүүлэх тухай захиргааны байгууллагад хандаж буй баримт юм.

Өргөдөл гомдол гаргагч ямар эрхтэй вэ?

Иргэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн ямарч асуудлаар төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах эрхтэй.
Харин ямар асуудлаар хандах гэж байгаагаас хамаарч хандах захиргааны байгууллага нь өөр өөр.

    Харин төрийн байгууллага иргэдийг хүлээн авч уулзах байр, өргөдөл гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдэгдсэн байх ёстой.

    Өргөдөл гомдлыг ямар хэлбэрээр гаргах вэ?

Өргөдөл гомдлыг бичгээр болон амаар биечлэн гаргана. Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ.

Өргөдлийг хэрхэн бичих вэ?

Өргөдөл нь албан бичгийн нэг төрөл. Өргөдлийг бичихдээ шууд буюу гол утгыг нь бичих бөгөөд зүйр цэцэн үг, уран дүрслэл, нутгийн аялгын үг, этгээд бүдүүлэг үг зэргийг хэрэглэх нь зохимжгүй. Өргөдлийг дараах дарааллаар бичнэ.
1.    Хүлээн авагч байгууллага, албан тушаалтны нэр бүхий толгой
2.    Өргөдөл бичих болсон учир шалтгаан буюу агуулга. Энэ хэсгийг дараах байдлаар бичнэ.
-    Эхлээд өөрийн тухай товч тодорхой танилцуулга
-    Дараа нь өргөдлийг шийдэхэд холбогдох зүйлийг бичнэ.
-    Төгсгөлд нь юуг хэрхэн шийдэхийг хүсч байгаагаа бичнэ.
3.    Өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утас /шаардлагатай бол албан тушаал/
4.    Он сар өдөр гэсэн бүтэцтэй байна.

Өргөдлийн утга агуулга нь янз бүр байж болох бөгөөд бичсэн зүйлийн агуулгаас хамааран хэмжээ нь ямар ч байж болно. Мөн ямар байгууллага албан тушаалтанд хандаж байгаагаас хамаарч өөр зүйлийг шаардаж болно.



МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:
 ХШҮ-НИЙ МЭРГЭЖИЛТЭН
Э.НАРАНГАРАВ




---оОо---






ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ

-Иргэний үнэмлэх шинээр авах

Монгол Улсын иргэн 16 нас хүрмэгц 30 хоногийн дотор иргэний үнэмлэх авах тухай хүсэлтээ сумын Засаг даргын Тамгын газарт Улсын бүртгэгчид хандан гаргана.

-Ямар материал бүрдүүлэх вэ?

•    Төрсний гэрчилгээ,
•    эцэг /эх/-ийн иргэний үнэмлэхний хуулбар
•    Иргэний үнэмлэхний үнэ, тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-Иргэний үнэмлэхийг алдаж үрэгдүүлсэн тохиолдолд хаана хандах вэ?

ТА 24 цагийн дотор Иргэний бүртгэлийн нэгжид мэдэгдэж тэмдэглүүлэн, 45 хоног хүлээх бөгөөд энэ хугацаанд олдоогүй бол иргэний үнэмлэх дахин авна.

-Дахин авахад бүрдүүлэх материал

Сумын Улсын бүртгэгчээс “Иргэний үнэмлэх дахин авах өргөдөл”-ийг авч, асуултын дагуу хариулж бөглөнө.
•    Иргэний үнэмлэх дахин авах болсон шалтгаанаа дурдсан өргөдөл
•    Багийн Засаг даргын тодорхойлолт
•    2% цээж зураг
•    Төрсний гэрчилгээний хуулбар
•    Иргэний үнэмлэхний үнэ, тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

 Иргэний үнэмлэхийг 25, 45 нас хүрсэн иргэнд сольж олгоно. Солиход:

•    Хүсэлт
•    Хуучин иргэний үнэмлэх
•    Төрсний гэрчилгээ
•    Иргэний үнэмлэхний үнэ, тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-Ямар тохиолдолд иргэний үнэмлэхийг заавал солих вэ?

Овог, эцгийн нэр, нэрээ солиулсан, нас тогтоолгосон ба төрсөн буюу үрчлэн авсан эцэг эхийн нэрээр овоглосон иргэд, иргэний үнэмлэхийг заавал солиулж авна.
Энэ тохиолдолд:
•    Засаг даргын захирамж эсхүл шүүхийн шийдвэр
•    Овог нэр сольсон гэрчилгээ
•    Солих гэж буй иргэний үнэмлэх
•    Төрсний гэрчилгээ
•    Хүсэлт
•    Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл хийлгэх
•    Иргэний үнэмлэхний үнэ, тэмдэгтийн хураамж төлсөн баримт

ИРГЭНИЙ ГЭР БҮЛИЙН БАЙДЛЫН БҮРТГЭЛ
ТӨРСНИЙ БҮРТГЭЛ:
Шинээр төрсөн хүүхдийг эцэг эх нь өөрийн оршин суугаа газрын, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн иргэний бүртгэлийн байгууллагад хандан 30 хоногийн дотор бүртгүүлж үнэ төлбөргүйгээр гэрчилгээ бүртгүүлнэ.
-Иргэн таны бүрдүүлэх бичиг баримт:
•    Өргөдөл
•    Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
•    Төрөх газраас олгосон эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар
•    Эцэг эхийн гэрлэсний гэрчилгээний хуулбар
•    Гэрлэлтээ батлуулаагүй бол эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл

ГЭРЛЭСНИЙ БҮРТГЭЛ:
Хуульд заасан харшлах шалтгаангүй бол 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол Улсын иргэн нь гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшилцсөнөөр гэрлэж болно.

-Гэрлэлтийг бүртгэхэд харшлах шалтгаан:

•    Өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол
•    Гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь 18 нас хүрээгүй бол
•    Төрөл садангийн хүмүүс хоорондоо гэрлэх
•    Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх
•    Үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх
•    Гэрлэгсдийн хэн нэг нь эсхүл хоёул удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй байх

-Гэрлэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

•    Иргэний үнэмлэхний хуулбар
•    Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн тухай өргөдөл
•    Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, мэдрэл, сүрьеэ/
•    Урьд нь гэрлэж байсан эсэх талаарх лавлагаа
•    Үйлчилгээний үнэ тушаасан баримт

ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛСНЫ БҮРТГЭЛ:

Гэрлэлтийг шүүхийн болон захиргааны журмаар цуцална.
•    Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн
•    18 хүртэлх насны хүүхэдгүй
•    Эд хөрөнгийн маргаангүй тохиолдолд захиргааны журмаар гэрлэлтийг цуцална.

-Захиргааны журмаар цуцлуулахдаа:

•    Эхнэр нөхрийн хамтарсан буюу тус тусдаа гаргасан өргөдөл
•    Эхнэр нөхрийн иргэний үнэмлэх
•    Гэрлэлтийн гэрчилгээ /үрэгдүүлсэн бол лавлагаа/
•    18-аас доош насны хүүхэдгүй тухай оршин суугаа сум хорооны Засаг даргын тодорхойлолт
•    Үйлчилгээний үнэ тушаасан баримт

-Шүүхийн журмаар цуцалсныг бүртгүүлэхдээ:

•    Шүүхийн шийдвэр
•    Гэрлэлтийн гэрчилгээ
•    Эхнэр нөхрийн хамтарсан буюу тус тусдаа гаргасан өргөдөл
•    Иргэний үнэмлэх
•    Үйлчилгээний үнэ тушаасан баримт

ХҮҮХЭД ҮРЧИЛСНИЙ БҮРТГЭЛ:
-Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ.
Үрчлэн авагч: Насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна.
-Хүүхдийг үрчлэн авахдаа үрчлэн авсан тухайгаа иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.
Бүртгүүлэхдээ хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ оршин суугаа сумын Засаг даргад гаргана.
-Бүрдүүлэх бичиг баримт
Үрчлэн авагч тал:
•    Хүүхэд үрчлэн авах тухай өргөдөл хүсэлт/нотариатаар батлуулсан байх/
•    Иргэний үнэмлэх /хуулбар/
•    Гэрлэлтийн гэрчилгээ
•    Оршин суугаа багийн Засаг даргын болон ажилладаг байгууллагын тодорхойлолт /амьжиргааны түвшин, эдийн засгийн болон зан байдлын талаарх/
•    Цагдаагийн байгууллагын тодорхойлолт /гэмт хэрэгт холбогдсон эсэх болон согтууруулах, мансууруулах бодис хэрэглэдэг эсэх/
•    Эмнэлгийн байгууллагын тодорхойлолт /сүрьеэ, сэтгэц, халдварт өвчин/
•    Үйлчилгээний үнэ тушаасан баримт
Үрчлүүлэгч тал
•    Эцэг эхийн өргөдөл
/нотариатаар батлуулсан байх/
•    Асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа бол тухайн байгууллагын зөвшөөрөл
•    Хүүхдийн төрсний гэрчилгээ
•    Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
•    7-оос дээш насны хүүхдийн өөрийнх нь зөвшөөрлийг бичгээр авна
ЭЦЭГ \ЭХ\ ТОГТООСНЫ БҮРТГЭЛ:
Хүүхдийн эцэг эхийг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу захиргааны болон шүүхийн журмаар тогтооно.
Эцэг эх тогтоосны бүртгэлийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу бүртгэнэ.
-Ямар тохиолдолд эцэг тогтоох вэ?
1.    Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг эхийг тогтооно. /захиргааны журмаар/
2.    Дээрхээс бусад тохиолдолд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, төрөл садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалагч байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно.
-Эцэг эх тогтооход бүрдүүлэх баримт бичиг:
•    Эцэг эхийн хамтарсан өргөдөл
•    Гэрлэлтийн гэрчилгээ
•    Иргэний үнэмлэх /хуулбар/
-Эцэг /эх/ тогтоосныг бүртгүүлэхдээ:
•    Эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл /нотариатаар батлуулсан байх/
•    Эцэг эхийн гэрлэсний гэрчилгээний хуулбар
•    Эцэг эхийн иргэний үнэмлэх /хуулбар/
•    Хүүхдийн төрсний гэрчилгээ
•    Эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэр
•    Үйлчилгээний үнэ тушаасан баримт

ОВОГ, ЭЦЭГ \ЭХ\-ИЙН НЭР, НЭР ӨӨРЧИЛСНИЙ БҮРТГЭЛ:

Монгол Улсын 16 нас хүрсэн иргэний овог, эцэг эхийн нэр, нэрийг дараах тохиолдолд нэгээс илүүгүй удаа өөрчилж болно. Үүнд:
1.    Овгоо буруу тогтоож баримт бичигт бичүүлсэн
2.    Иргэний овог, эцэг эхийн нэр, нэр баримт бичигт буруу бичигдсэн
3.    Хэлэх, бичихэд хэцүү гаж этгээд нэрээ өөрчлөх хүсэлт гаргасан
4.    Иргэний баримт бичгүүдэд бичигдсэн овог, эцэг эхийн нэр, нэр хоорондоо зөрж байгаа
5.    Төрсөн буюу үрчлэн авсан эцэг эхийн нэрээр овоглох хүсэлт гаргасан
6.    Гадаадын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын харьяат эмэгтэй нөхрийнхөө овгоор овоглох хүсэлт гаргасан

Бүрдүүлэх бичиг баримт:
16-аас дээш насны иргэн:
•    Төрсний гэрчилгээ, архивын лавлагаа
•    Иргэний үнэмлэх /хуулбар/
•    16 ба түүнээс дээш насны хүүхэдтэй бол тэдгээрийн бичгээр гаргасан зөвшөөрөл, иргэний үнэмлэхний хуулбар
•    Өргөдөл гаргагч гэр бүлтэй бол гэрлэсний гэрчилгээ
•    Өргөдөл
•    Ял шийтгэлгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт
•    Банк татварын албанд өртэй эсэх талаар банк, татварын албаны тодорхойлолт
•    Өмнө нь ОЭННӨ-ж байсан эсэх талаарх архивын лавлагаа
•    Үйлчилгээний үнэ тушаасан баримт
0-16 насны хүүхдийн овог, эцгийн нэр, нэрийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр өөрчилж болно.
Бүрдүүлэх бичиг баримт:
•    Төрсний гэрчилгээ, архивын лавлагаа
•    Өргөдөл
•    Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
•    7-оос дээш насны хүүхдийн бичгээр гаргасан зөвшөөрөл
•    Үйлчилгээний үнэ тушаасан баримт

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БҮРТГЭЛ:

Аймгаас нийслэлд шилжих
Хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжигчид дараах материалыг бүрдүүлнэ.
•    Шилжих тухай хүсэлт
•    3Х4 хэмжээтэй цээж зураг 1%
•    16 хүртэлх насны хүүхэдтэй шилжвэл хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбар/
•    Иргэний үнэмлэх /хуулбар/
•    Бүртгэлийн хураамж
Бусад аймагруу шилжихэд
•    Шилжих тухай хүсэлт
•    3Х4 хэмжээтэй цээж зураг 1%
•    16 хүртэлх насны хүүхэдтэй шилжвэл хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбар/
•    Иргэний үнэмлэх /хуулбар/
•    Бүртгэлийн хураамж
Аймаг доторх шилжилт хөдөлгөөнийг бүртгүүлэх
Сумаас суманд, багаас багт шилжих хөдөлгөөнийг аймаг доторх шилжилт хөдөлгөөн гэнэ.
Иргэн та:
•    Оршин сууж байсан сум, хорооны хүн амын бүртгэлээс хасуулж, шилжилт хөдөлгөөний бүртгэлийн ИУБ-22 маягтын тасалбарыг тухайн сумын улсын бүртгэгчээс авна.
•    Шинээр оршин суух сум хорооны хүн амын бүртгэлд бүртгүүлж, тухайн сумын улсын бүртгэгчээс шилжин ирсэн ИУБ-22 маягтын тасалбараа авна.
Аймаг доторх шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
•    Шилжин явах тухай өргөдөл
•    Иргэний үнэмлэх
•    16 хүртэлх насны хүүхэдтэй шилжвэл хүүхдийн төрсний гэрчилгээ
•    Бүртгэлийн хураамж
Шилжин ирэхдээ:
•    Шилжин ирснийг бүртгүүлэх тухай хүсэлт
•    Иргэний үнэмлэх
•    16 хүртэлх насны хүүхэдтэй ирвэл хүүхдийн төрсний гэрчилгээ
•    Бүртгэлийн хураамж

ИРГЭН ТА ГАДААД ПАСПОРТ АВСАН УУ?

Үндэсний энгийн гадаад паспорт нь 5 жилийн хугацаатай олгогдох ба шаардлагатай тохиолдолд зөвхөн 2 удаа хугацааг нь сунгаж болно. Паспортын хугацаа сунгалтыг засаг захиргааны аль ч нэгж дэх улсын бүртгэлийн байгууллагаар хийлгүүлж болно.
Үндэсний энгийн гадаад паспорт нь төрийн өмч мөн.
Иргэн таны гарт байгаа үндэсний энгийн гадаад паспорт нь Монгол Улсын төрийн өмч тул 2 ба түүнээс дээш удаа өөрийн буруугаас гэмтээсэн, хаяж үрэгдүүлсэн бол эрх бүхий байгууллагын шийдвэрээр 2 жил хүртэл хугацаагаар таны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх захиргааны арга хэмжээ авахаар хуульд заажээ.

                                  Гадаад паспорт сунгах болон
Хил зорчих үнэмлэхний үнэ хураамж

Д\Д    Сунгалтын хугацаа    Үйлчилгээний үнэ \ \26170005034\ ТӨРИЙН банк    Тэмдэгтийн хураамж \5422106150\
ХААН банк    Нийт дүн
1    1 жил    2000    2500    4500
2    2 жил    4000    2500    6500
3    3 жил    6000    2500    8500
4    4 жил    8000    2500    10500
5    5 жил    10000    2500    12500
Хятад улсад зорчих хавсралт
1    1 удаагийн хавсралт    3000
2    1 жилийн хавсралт    10000
ОХУ-д зорчих хавсралт
1    ОХУ-д зорчих хавсралт    3000

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС ТӨРИЙН БАНК ДАНС 61700050344
Бүрдүүлэх материал

1.    Иргэний үнэмлэхний хуулбар
2.    4 хувь цээж зураг \шаардлага хангасан зураг\ \3,5х4,5\
3.    Гадаад паспорт өмнө авч байсан бол паспортаа эх хувиар нь авчрах \Хүчингүй болсон , хуудас дууссан, гэмтсэн, үрэгдүүлсэн тохиолдолд 40,0 мянга төг хүртэлх\

Хаан банк 5422106150 тоот данс
Жич: тухайн иргэн өөрийн биеэр байх

Давхраа хийлгэхээс өмнө болон хийлгэсний дараах зургийг нааж баталгаажуулсан байна.\
-ХҮҮХДЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
А. Тухайн хүүхдийн Төрсний гэрчилгээний хуулбар
Б. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр \ Сүүлийн 6 сарын өмнөх зураг, тамга дарж баталгаажуулсан байна. \ Нийгмийн даатгалын хэлтсээр\
В. Асран хамгаалагч эцэг \эх\-ийн иргэний үнэмлэхний хуулбар
Г. 4 хувь цээж зураг \ шаардлага хангасан зураг\ \3,5х4,5\
Д. 2013 оноос хойш төрсөн хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр байхгүй учир тухайн багийн Засаг даргын тодорхойлолт дээр хүүхдийн зургийг нааж баталгаажуулах

БЭЛТГЭН ГАРГАСАН:
УЛСЫН БҮРТГЭГЧ Ш.ОДОНЧИМЭГ
 

Мэдээ оруулсан: 2016-04-01 00:00:00