ИРГЭН-ХУУЛЬ
НЭГ. ХЭН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧ ВЭ?
Дуудах нэрийг эцэг эх
Дуурсах алдрыг өөрөө
1. Иргэн. Хүн бүр худалдаа наймаа хийх өв залгамжлах, бэлэг өгөх, авах, тээврийн хэрэгслээр зорчих зэргээр бүхий л амьдралынхаа туршид өдөр тутамд иргэний эрх зүйн харилцаанд орж байдаг. МУ-ын Иргэний хуулиар төр, хуулийн этгээд, иргэн хоорондын эдийн болон эдийн ус баялагтай холбоотой харилцааг зохицуулдаг.
Манай улсын иргэний хуульд иргэний эрх зүйн чадвар чадамж гэсэн ойлголт байдаг. Чадвар гэдэг нь хүн төрмөгцөө иргэний эрх зүйн чадвартай болж нас барснаар чадвар нь дуусгавар болдог. Нас барахаас бусад тохиолдолд иргэний эрх зүйн чадваргүй болох гэсэн ойлголт байхгүй бөгөөд түүнийг хязгаарлахыг хуулиар хориглодог.
Харин иргэний эрх зүйн чадамж гэдэг нь иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар юм. Чадамжийг насны байдал, үүрэг үүрэг хариуцлага хүлээх чадвар зэргээс нь хамааран дараах байдлаар ангилдаг.
Бүрэн чадамж: иргэн 18 насанд хүрснээр эрх зүйн хувьд бүрэн чадамжтай болж хүлээсэн үүрэгтэйгээ холбогдох хариуцлагыг өөрөө бүрэн хариуцдаг.
Бүрэн бус чадамж: насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны хүн бүрэн бус чадамжтайд тооцогдоно. Тэд аливаа гэрээ хэлцлийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр хийх эрхгүй.
Зарим чадамж: 7-14 хүртэлх насны хүүхдийг иргэний эрх зүйн зарим чадамжтай гэж үздэг. Энэ насны хүүхдүүд нь өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг хийх эрхгүй тэдний өмнөөс эцэг эх нь хийнэ.
Чадамжгүй иргэн: бага насны буюу 7 хүртэлх насны хүүхэд иргэний эрх зүйн чадамжгүй байна. Мөн шүүхээс сэтгэцийн өвчтэй хүнийг чадамжгүйд тооцон асран хамгаалалт тогтоож болно.
Чадамжийг хязгаарлах: хэдийгээр эрх зүйн бүрэн чадамжтай, насанд хүрсэн боловч архи мансууруулах бодис байнга хэрэглэн гэрийнхээ эд зүйлийг зарж үрэх зэргээр ар гэрийнхэндээ эд материалын дутагдал санхүүгийн хүнд байдалд оруулдаг хүний иргэний эрх зүйн чадамжийг шүүхээс хязгаарлаж болно.
2. Хуулийн этгээд: Иргэдээс гадна байгууллага албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээгээ авснаар иргэний эрх зүйн харилцааны нэг оролцогч болдог. Эдгээр байгууллагыг төрийн болон төрийн бус, ашгийн төлөө болон ашгийн төлөө бус гэж ангилдаг.
ХОЁР. ИТГЭЛЦЛЭЛИЙН ҮНДЭС-ГЭРЭЭ
Ирэх зам шулуун бол
Буцах зам саадгүй
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх үүрэг бий болгох, өөрчлөх, дуусгавар болгох талаарх амаар болон бичгээр хийсэн харилцан тохиролцоог гэрээ гэнэ. Хуульд зарим гэрээг заавал бичгээр хийхээр тусгайлан заасан байдаг. Иргэний хуульд гэрээг байгуулсанд автоматаар тооцох үндэслэлийн талаар тусгасан байдаг.
1. Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр
2. Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол гарын үсгээ зурсан захидал, албан бичиг зэрэг баримт бичиг нэг тал хүлээн авснаар
3. Хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн гэрээний саналд дурдсан хугацаанд нь зөвшөөрсөн хариу авсан.
4. Гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр илгээсэн тохиолдолд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хүлээн авсан.
5. Нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрөн хариу өгөн.
6. Зөвшөөрсөн хариуг хугацаанд нь илгээсэн боловч уг хариу хожимдож ирсэн учир гэрээг байгуулахгүй гэж нөгөө тал нь хариу илгээсэн талд нэн даруй мэдэгдээгүй бол
Гэрээ байгуулсан талууд нь эрх ашиг зөрчигдсөн, гэрээгээр тохиролцсон үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон зэрэг тохиолдолд нөгөө талдаа албан ёсоор мэдэгдэн гэрээнээс татгалзах эрхтэй.
Худалдах-худалдан авах гэрээ
Өглөө босоод цайны сүүгээ худалдаж авахаас эхлээд байр орон сууц худалдаж авах хүртэл байнгын худалдааны харилцаа хүмүүсийн өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг. Худалдааны харилцааг зохицуулсан худалдах худалдан авах гэрээг амаар болон бичгээр байгуулж болно.
Худалдан аваг нь нэгдүгээрт тохиролцсон үнийг төлөх, хоёрдугаарт авсан зүйлээ хүлээн авах үүрэг хүлээнэ.
Хэрвээ худалдсан эд хөрөнгө нь гэмтэлтэй, доголдолтой бол үүрийг арилгах бөгөөд худалдан авагч нь доголдолтой гэдгийг мэдээгүй бол түүнийг арилгуулж засуулах буюу гэрээгээ цуцалж төлсөн үнээ буцаан авах эрхтэй. Баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, тогтоогоогүй бол 6 сарын дотор доголдлыг арилгахыг шаардаж болно. Хэрвээ гэмтэл доголдол нь худалдан авагчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүсэн бол худалдагч хариуцахгүй.
Зээлийн гэрээ
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Тухайн зээлдэж байгаа зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцно. Зээлийн гэрээг амаар байгуулж болох хэдий ч хүүтэй зээл бол гэрээг заавал бичгээр хийх шаардлагатай.
Зээлдэгч нь зээлээ гэрээгээр тогтоосон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй. Ийм хугацаа тогтоогоогүй бол зээлдэгчийн шаардсанаар буцаан өгөх ёстой.
Зээлдэгч нь зээлээ хугацаанд төлөөгүй бол барьцаалагдсан хөрөнгийг худалдах тухайгаа зээлдэгчид бичгээр мэдэгдэх үүргийг барьцаалан зээлдэх газар хүлээдэг. Ингэж мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлээ төлөөгүй бол эд хөрөнгийг худалдаж болно. Худалдсан зүйлийн үнээс зээлийг хүүгийн хамт суутгаж үлдсэн мөнгийг зээлдэгчид буцаан өгнө. Барьцаалан зээлдэх газар нь барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Бичгээр хийгээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Орон сууц хөлслөх гэрээ
Орон сууц хөлслөхтэй холбогдсон маргаан иргэдийн дунд их байдаг. Энэ маргаанаас урьдчилан сэргийлж эрхээ хамгаалах үүднээс орон сууц хөлслүүлэгч хөлслөгчийн хооронд гэрээ байгуулах нь ач холбогдолтой. Хөлслөгч нь байшин өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь орон сууцыг зориулалтын дагуу ашиглах, бүрэн бүтэн байдлыг хангах, тохиролцсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хэрвээ хөлслүүлэгч зөвшөөрвөл хөлслөгч нь хөлсөлж байгаа орон сууцаа 3 дахь хүнд дамжуулж болно.
Ажил гүйцэтгэх гэрээ
Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Ажлын хөлсний хэмжээ, төлөх хэлбэр, хугацааг гэрээ байгуулж байгаа талууд харилцан тохиролцон тогтооно. Хөлсийг захиалсан ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгснөөр төлнө. Мөн үүнээс өөрөөр тохиролцох эрх нь гэрээний талуудад бий.
Ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй байвал захиалагч нь ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор гомдол гаргаж болно. Шийд илэрч мэдэгдэх боломжгүй дутагдал байсан бол 1 жилийн дотор гомдол гаргах эрхтэй. Байшин барилгыг талаар гомдлыг 3 жилийн дотор гаргана.
Иргэний хуульд ажил гүйцэтгэгч болон захиалагчийн хүлээх үүргийг заасан байдаг. Талууд гэрээ байгуулахдаа хуульд зааснаас гадна бусад нарийвчилсан эрх үүргийн талаар тусгаж болно.
ГУРАВ. ГЭМ ХОР УЧРУУЛСНААС ҮҮСЭХ ҮҮРЭГ
Гэм нь өмнөө
Гэмшил нь хойноо...
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийг Иргэний хуулийн 497 зүйлд заасан.
Гэм хийсэн бол хариуцлага хүлээх нь зүй ёсны асуудал тул бусдад гэм хор учруулсан этгээд үүнийгээ арилгах үүрэгтэй.
Хуулийн этгээдийн учруулсан гэм хор: хуулийн этгээдийн бусдад учруулсан гэм хор гэдэгт тухайн байгууллага өөрөө чанаргүй бараа худалдаалан хэрэглэгчийг хохироосон, байгаль орчныг бохирдуулсан зэрэг буруутай үйл ажиллагаанаас гадна тухайн байгууллагын ажиллагсдын учруулсан гэм хор орно. Тухайн байгууллагын ажилтан хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэм хор бусдад учруулсан бол ажил олгогч байгууллага хохирлыг арилгах үүрэгтэй. Төрийн байгууллагын албан хаагч ажил гүйцэтгэх үедээ бусдад гэм хор учруулсан бол тухайн ажилтан болон төр гэм хорыг хариуцна.
Амьтны учруулсан гэм хор: Хүний амь нас, эрүүл мэндэд амьтан гэм хор учруулсан бол хохирлыг түүнийг өмчлөгч, эзэмшигч хариуцан арилгана.
Бусдын амь нас эрүүл мэндэд учирсан гэм хор: хүний бие мах бодийг гэмтээх, хөгжлийн бэрхшээлтэй болгох, биеийн болон сэтгэл зүйн зовиур шаналгаа үүсгэх зэрэг янз бүрийн хэлбэрээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан буруутай этгээд нь хохирогчийн хохирлыг барагдуулах ёстой. Гэм хорын улмаас хохирогч хөдөлмөрийн чадвараа алдан дутуу авсан цалин хөлс, бусад орлого, түүнчлэн нэмэгдэл хоол хэрэглэх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувиллуулах зэрэг эмчлүүлэхэд гарсан бүх зардлыг гэм хор учруулагч арилгана. Иргэний хуульд зааснаар гэм хор учрах үед хохирогч нь тогтсон тодорхой орлого, цалин хөлсгүй байсан бол хууль тогтоомжоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.
ДӨРӨВ. ИРГЭНИЙ ӨВ ЗАЛГАМЖЛАЛ
Төрийн хэлхээ хууль
Төрлийн хэлхээ нагац
Эд хөрөнгө болон эрхээ өвлүүлэн өгч байгаа талыг өвлүүлэгч, хүлээн авагч талыг өвлөгч гэнэ. Өвлөгч өв хүлээн авсан хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ. Өвлөгч нь өвлүүлэгчийг болон өв залгамжлах ёстой байсан бусад хүнийг санаатайгаар алсан бол өвлөх эрхээ алдана. Энэ нь шунахай зорилготой эрүүгийн гэмт хэрэг юм. Өв залгамжлагч байхгүй, эсвэл бүгд өв залгамжлахаас татгалзсан, өвлөх эрхээ алдсан бол эд хөрөнгийг төр авна.
Өв залгамжлал нь хуульд зааснаар болон гэрээслэлээр өвлөх гэсэн 2 төрөлтэй.
Хуульд зааснаар өвлөх: Өв хөрөнгийг хэн хэн нэн тэргүүнд өвлөх эрхтэй болохыг хуулиар зааж өгснийг “Хууль ёсны өвлөгч” гэнэ.
Хууль ёсны өвлөгчдийн өв залгамжлах эрхээ хэрэгжүүлэх эрэмбийг доорх хүснэгтээс үзнэ үү.
№ Хэзээ Хэн
1 Тэргүүн ээлжинд Нөхөр, эхнэр Өвлүүлэгчийг нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд асрамжид нь байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн
Үр хүүхэд
Эцэг эх
2 Хоёр дахь ээлжинд Өвөө, эмээ
Ах эгч, дүүс
Ач, зээ
3 Гурав дахь ээлжинд Ачанцар, зээнцэр
Гэрээслэлээр өвлөх: өвлүүлэгч нь өвлөх эрхтэй болон эрхгүй нэг буюу хэд хэдэн иргэн, мөн төр байгууллагад өв хөрөнгөө бүхэлд нь буюу зарим хэсгийг нь сайн дураараа гэрээслэн өвлүүлж болно.
Хэдийгээр гэрээслэгч нь бүх өмч хөрөнгөө бүхэлд нь гэрээслэлээр өвлүүлэх эрхтэй ч түүний насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй эсвэл нас барсан хойно нь төрсөн хүүхэд, асрамжид нь байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр, эхнэр эцэг эх зэрэг хууль ёсны бусад өвлөгчдөд өвлөгдвөл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлдэг журамтай.
Хүчин төгөлдөр гэрээслэл нь бичгээр үйлдэгдэж нотариатаар гэрчлэгдсэн байх шаардлагатай. Нотариат байхгүй бол баг сумын Засаг даргаар гэрчлүүлнэ.
Өвлөгч нь өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй.
ТАВ. ШҮҮХЭЭР ЭРХЭЭ ХАМГААЛУУЛАХ
Цаазад гүн санаа бий
Хуульд гүн учир бий
Иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа хэн бүхэн өөрийнх нь хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй бөгөөд ийнхүү бичгээр гаргасан өргөдлийг “нэхэмжлэл” гэнэ.
Нэхэмжлэгч- эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргагч тал.
Нэхэмжлэлд заавал тусгах зүйлийг хуульд тусгайлан зааж өгсөн байдаг. Үүнд:
- Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
- Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа
- Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
- Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт
- Нэхэмжлэлийн үнэ
- Хавсаргасан баримт бичгийн жагсаалт
Нэхэмжлэлд улсын тэмдэгт төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлөгдөх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан итгэмжлэлийг мөн хавсаргана.
Нэхэмжлэлдээ хариуцагчаас юуг, хэчнээн төгрөгний ямар үнийн дүнтэй зүйлийг нэхэмжилж байгаагаа тодорхой тусгах хэрэгтэй. Нэхэмжлэлийн үнийг хэрхэн тодорхойлон тооцохыг хуульд дараах байдлаар заасан.
Үүнд:
1. Мөнгө нэхэмжилсэн бол мөнгөний дүнгээр
2. Эд хөрөнгө нэхэмжилсэн бол эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн ханшаар
3. Бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын нийлбэр үнийн дүнгээр
4. Гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжилсэн бол тухайн гэрээ хэлцлийн үнийн дүнгээр
5. Тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр
6. Үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжилсэн бол үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнээр
7. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирлыг нэхэмжлэлдээ тодорхойлсон үнээр
8. Үнэт цаастай холбогдох нэхэмжлэлд хөрөнгийн биржийн тухайн үеийн ханшаар
9. Тусгай зөвшөөрөл, тендертэй холбоотой нэхэмжлэлд тэдгээрийн хураамжийн дүнгээр тодорхойлохоор тус тус заасан.
Нэхэмжлэлээ хаанахын шүүхэд гаргах вэ?
Нэхэмжлэлийг тухайн хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. Хэрвээ өөр, өөр газар амьдардаг олон хариуцагчтай нэхэмжлэл гаргах бол тэдгээр хариуцагчдын аль нэгнийх нь оршин суугаа газрын шүүхэд гаргана. Хариуцагчийг хаана оршин суудагийг мэдэхгүй бол түүний эд хөрөнгө нь байгаа газрын, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг тухайн хөрөнгө байгаа газрыг харьяалах шүүхэд хандан гаргана.
Сураггүй алга болсонд тооцох, нас тогтоолгох, хүүхдийн эцэг эхийг тогтоох гэх мэт эрх зүйн ач холбогдол бүхий үйл явцыг тогтоолгох нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын, эсвэл үйл явдал болсон газрын шүүхэд тус тус гаргана. Нэхэмжлэлийг гаргаж байгаа шүүхийнхээ шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад хүлээлгэн өгч бүртгүүлнэ.
Доор дурдсан тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж болно.
- Хэргийн болон шүүхийн харьяаллын биш
- Шүүхээс гадна урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг нэхэмжлэгч хэрэглэх боломжтой байвал
- Нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал
- Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн тогтоол байгаа
- Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа
- Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа
- Хариуцагчийн хаяг тодорхойгүй
- Зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй
- Нэхэмжлэлд заавал тусгах ёстой зүйлийг тусгаагүй, шаардлагыг хангаагүй байвал
---оОо---
МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Захиргааны ерөнхий хуулийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна.
Уг хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг дээдлэх, хуульд үндэслэх зэрэг ардчиллын зарчмууд нь ихэнхдээ иргэн, төр хоёрын хоорондын харилцаанд зөрчигдөх явдал байдаг. Энэ хууль гарснаар Үндсэн хуулийн зарчмууд бодит амьдрал дээр хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж болно.
Энэ хуулиар төрийн захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах суурь харилцааг нэгдсэн стандартад оруулж, зохицуулснаараа ач холбогдолтой болсон. Ингэснээр төр, иргэн хоёрын хоорондын харилцаанд суурь зохицуулалт бий болж иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хамгаалагдах боломж бүрдэнэ.
Захиргааны ерөнхий хууль нь 11 бүлэг, 108 зүйлтэй, материаллаг юм.
Тус хууль захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулан иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэх зорилготой хууль юм. Өөрөөр хэлбэл тус хуулиар захиргааны байгууллагын үйл ажиллагаа нэгдсэн стандарттай болж, хариуцлагатай захиргаа бий болох үндэс тавигдаж байна гэж ойлгож болно.
МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИАС...
Захиргааны байгууллага үйл ажиллагаандаа дараах тусгай зарчмыг баримтлан ажиллах ёстой.
1.хуульд үндэслэх;
2.шуурхай, тасралтгүй байх;
3.хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх;
4.үр нөлөөтэй байх;
5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;
6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;
7.ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах;
8.хууль ёсны итгэлийг хамгаалах.
Захиргааны байгууллагад ямар байгууллагууд хамаарах вэ?
- төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;
- хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;
- захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд;
- үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа;
- нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага.
- Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу хууль тогтоох, гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно.
- Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ.
Захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа, үйл ажиллагаа нь юу вэ?
1.захиргааны акт;
2.захиргааны гэрээ;
3.захиргааны хэм хэмжээний акт гаргах
Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа ямар үйл ажиллагааг явуулсан байх ёстой вэ?
Захиргааны байгууллага нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт, төлөвлөлтийг хийдээ энэ хуульд зааснаар
- Оролцогчийг санал, хүсэлт, зөвлөмж, дүгнэлтийг сонсох,
- Бодит нөхцөл байдлыг тогтоох
- Нотлох баримт цуглуулах
- Сонсох ажиллагааг явуулах зэрэг үйл ажиллагааг иргэдийн дунд заавал зохион байгуулсны дараа шийдвэрийг баталгаажуулна.
Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж хэнийг хэлэх вэ?
-Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан иргэн, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан иргэдийг ойлгоно.
-Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно.
-Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.
-Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн оролцох тохиолдолд дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан хэлмэрчийн тусламжтайгаар оролцоно.
Оролцогч иргэн нь ямар эрхтэй вэ?
1.захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах;
2. Төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад тухайн захиргааны шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтны талаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах;
3.өөрийн гаргаж өгсөн баримт бичгийн баталгаажсан хуулбар болон эх хувийг буцаан авах;
4.захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх;
5.хэрэгжүүлэхийг хүссэн төсөл, үйл ажиллагаа, төлөвлөгөө, өргөдөл, хүсэлтийн талаар мэдээлэл авах;
6. захиргааны байгууллагын бүртгэл, архивын баримттай танилцах;
7.захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах;
8.хуульд заасан бусад эрхтэй.
9.Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно.
Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч нь өөрийнхөө өмнөөс төлөөлөгч оролцуулж болох уу?
Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд өөрийн төлөөлөгчийг оролцуулж болно.
Нөхцөл байдлыг тогтоох гэж юуг хэлэх вэ?
Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тухайн асуудлаар иргэдийн дунд яг ямар нөхцөл байдал үүсээд байгаа болон иргэдийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тогтоохыг хэлнэ.
Нотлох баримт цуглуулах гэж юу вэ?
Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт бичиг, мэдээлэл цуглуулахыг нотлох баримт цуглуулах гэнэ.
Оролцогчийг сонсох гэж ямар ажиллагааг хэлэх вэ?
Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэдийн санал бодлыг сонсох, талбар авах ажиллагааг хэлнэ.
Сонсох ажиллагааг явуулах гэж яахыг хэлэх вэ?
Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэдийн дунд санал авах ажлын зохион байгуулалтыг хэлнэ.
Нууцыг хадгалах гэж юуг хэлэх вэ?
Оролцогч, төр, байгууллага болон хувь хүний нууцыг задруулахгүй байхыг хэлнэ.
Зөвлөгөө, мэдээллийг хэн өгөх вэ?
Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээллийг хуульд заасан хугацаанд иргэдэд хүргэнэ.
Захиргааны акт гэдэг нь?
Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг хэлнэ.
Захиргааны байгууллага Захиргааны актын талаар тайлбарлах үүрэг хүлээх үү?
Оролцогч захиргааны актаар бий болсон эрх, үүргийн талаар тайлбар хүсвэл захиргааны байгууллага амаар, эсхүл бичгээр тайлбарлах үүрэгтэй.
Захиргааны акт ямар тохиолдолд хүчин төгөлдөр болох вэ?
Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу иргэдэд мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно.
Захиргааны акт илт хууль бус гэж үзэх тохиолдол нь юу вэ?
1.утга агуулгын илэрхий алдаатай;
2.бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;
3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;
4.захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус;
5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;
6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;
7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.
Захиргааны гэрээ гэж юу вэ?
Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулахыг хэлнэ.
Захиргааны гэрээ илт хууль бус болох гэж юуг хэлэх вэ?
1.захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн;
2.захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан;
3.захиргааны гэрээ байгуулсан захиргааны байгууллага тодорхой бус;
4.захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан;
5.захиргааны байгууллага захиргааны гэрээнд хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг амласан;
6.захиргааны байгууллага гэрээний талуудаас хууль зөрчсөн зүйл шаардсан;
7.илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий;
8.эрх зүйн чадваргүй этгээд хүсэл зоригоо илэрхийлсэн;
9.аль нэг тал нь эрх зүйн чадамжгүй;
10.насанд хүрээгүй хүний зөвшөөрлийг авах шаардлагыг зөрчиж байгуулсан;
11.хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн бус;
12.талууд ноцтой төөрөгдөлд орсон, хууран мэхэлсэн, хүчинд автсан;
13.хуульд заасан хэлбэрийг зөрчсөн;
14.төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан.
- Захиргааны гэрээний зарим хэсэг нь илт хууль бус байх нь түүнийг бүхэлд нь илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй.
Захиргааны хэм хэмжээний акт гэж юуг хэлэх вэ?
Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.
Захиргааны хэм хэмжээний актыг бүртгэх ажиллагаа гэж юу вэ?
Захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэх гэдэг нь хянуулж, хуульд заасан шаардлагыг хангасан актыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр хэрэгжихийг хэлнэ.
Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлээгүй захиргааны хэм хэмжээ тогтоосон акт нь хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
Төлөвлөлт гэдэг нь?
Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно.
Ямар тохиолдолд төлөвлөлт хийх вэ?
Нисэх онгоцны буудал, дагалдах байгууламж, төмөр зам, төмөр замын өртөө, буудал барих, өөрчлөх, засварлах, нүүлгэн шилжүүлэх, хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх, олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто зам барих, засварлах, усны барилга байгууламж, усан цахилгаан станц барих, хог, хаягдлын цэгийг байгуулах, өөрчлөх, нүүлгэх, зам, талбай, гудамж, усан сан зэрэг нийтийн эзэмшлийн байгууламж, цогцолборыг байгуулах, өөрчлөх, нүүлгэх, буулгах, хуульд өөрөөр заасан нийтийн ашиг сонирхлыг хөндөх бусад асуудлаар төлөвлөлтийг хийнэ.
Иргэд захиргааны актад гомдол гаргаж болох уу?
Болно.
Иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.
Гомдлыг ямар байгууллагад гаргах вэ?
Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.
---оОо---