ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ - ХУУЛЬ
Гарчиг:
1. Хөдөлмөрийн гэрээ болон бусад хөдөлмөрийн харилцаанд хэрэглэгдэх гэрээний асуудал
2. Ажил амралтын цаг, цалин хөлс, олговрын зохицуулалт
3. Сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх
“АЖИЛ ХИЙВЭЛ
ТОСДОНО”
НЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БОЛОН БУСАД ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНД ХЭРЭГЛЭГДЭХ ГЭРЭЭНИЙ АСУУДАЛ
Амьдрал дээр гардаг нийтлэг жишээ: Иргэдийн асуулт.
Иргэн А: Дарга надаас санал асуулгүй бэлэн байсан хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэтэ ажил хийх хугацаанд ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил хийлгэх юм. Тэр ажлыг нь хийхгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцлах боловуу яах бол?
Иргэн Б: Намайг шинээр ажилд орж байх үед туршилтын хугацаа гээд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, харин үндсэн ажилтан болсноос хойш жил бүр хөдөлмөрийн гэрээ байгуулах юм. Ингэх ёстой юм бол уу?
Иргэн Д: Би 2 компанид зэрэг хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Гэтэл нэг компани нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гээд байх юм. Энэ зөв үү?
Иргэн Г: Өөр ажилд орох гээд ажлаас гарах гэтэл дарга чи өөрийн санаачлагаар ажлаас гарвал тодорхой хэмжээний нөхөн төлбөр төл” гээд байна. би төлөх ёстой юм?
Эдгээр асуултууд хөдөлмөр эрхэлдэг хэн бүхний амтдралд өдөр тутамд тохиолдож байдаг. Хөдөлмөр эрхэлж байгаа хэнд ч хэдий үеэс хөдөлмөрийн гэрээ байгуулах, байгуулахдаа юуг анхаарах, нэгэн зэрэг хэд хэдэн ажлыг гүйцэтгэж болох эсэх, хугацаатай болон хугацаагүй хөдөлмөрийн гэрээний онцлог гэх зэргээр мэдвэл зохих асуудлууд олон байдаг.
Хөдөлмөрийн гэрээ олон янз байж болно.
Хугацаагүй гэрээ гэдэг нь гэрээ байгуулахдаа тодорхой хугацаа заалгүй гэрээ байгуулахыг хэлнэ. Хугацаагүй гэрээ байгуулсан бол ажил олгогч хэдийд ч гэрээ цуцлах эрхтэй байдаг. Гэхдээ хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа хууль зүйн үндэслэлээс хамаарч гэрээ цуцлахдаа ямар шаардлага тавих нь өөр өөр байж болно. Байнгын ажлын байранд байгуулж байгаа гэрээ нь хугацаагүй байгуулагдана.
Хугацаатай гэрээ нь ажилтан анх ажилд орон үед байгуулсан гэрээнд хугацаа заассан байхыг хэлнэ. Тухайн хугацаагаар хөдөлмөрийн харилцаа үргэлжилнэ. Уг хугацаа дуусмагц хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бол анх байгуулсан хугацаагаар үргэлжлэн сунгагдсан тооцно.
Хугацаатай гэрээ нь тодорхой шалтгаанаар эзгүй байгаа /ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа/ ажилтны оронд түр ажиллах, улирлын болон түр ажилд авах гэх зэрэгт байгуулагддаг.
Туршилтын буюу сургалтын хугацаанд гэрээ байгуулан ажиллаж болох ба энэ нь хөдөлмөрийн гэрээний нэг төрөл байдаг.
Шинээр ажилд орж байгаа ажилтантай туршилтын хугацаа тогтоон эсвэл дагалдан суралцагч гэх нэрээр сургалтын хугацаа тогтоон ямар нэгэн гэрээ байгуулалгүй ажиллуулах нь элбэг. Тэгвэл энэ хугацаа нь хөдөлмөрийн гэрээгээр зкохицуулагдах түүний нэгэн төрөл юм. Тухайн хугацаанд зайлшгүй хөдөлмөрийн гэрээ байгуулна.
Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тохирно.
• Ажлын байрны буюу албан тушаалын нэр
• Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг
• Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ
• Хөдөлмөрийн нөхцөл
Хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч ба ажилтны хооронд үүсдэг харилцаа. Ажилтан нь эрх зүйн бүрэн чадамжтай, 18 насанд хүрсэн иргэд байхаас гадна насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, гадаадын иргэд хөдөлмөр эрхлэх тохиолдол байдаг ба эдгээр нь тусгайлан онцлог бүхий зохицуулалт шаарддаг. Тухайлбал:
Хөдөлмөрийн гэрээний аль нэгийг байгуулж ажиллахын зэрэгцээ хэд хэдэн төрлийн ажлыг тухайн ажил олгогч болон бусад ажил олгогчтой гэрээ байгуулан ажиллаж болно. Ийм тохиолдолд орон тооны бус ажилтнаар авч ажиллуулах зэргээр зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг хөдөлмөрийн хуулинд зохицуулж өгсөн байдаг.
Ажил албан тушаал хавсрах гэдэг нь өөрийн ажиллаж байгаа байгууллагаас /ажил олгогчоос/ гадна өөр бусад ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг хэлнэ.
Хослох гэдэг нь өөрийн ажиллаж байгаа ажил олгогчтой үндсэн ажил үүргээс гадна өөр ажлыг хамт давхар гүйцэтгэх, хийхийг хэлнэ.
Орлох гэдэг нь эзгүй байгаа ажилтныг тодорхой хугацаагаар орлох, ажил үүргийг гүйцэтгэх байдлаар илэрхийлэгдэнэ.
Санамж: Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ заавал байгуулна.хөдөлмөрийн гэрээ нь ажилд авахтушаал гарах үндэслэл болно. Нэг ажилтан хэд хэдэн ажил үүргийг ажлын үндсэн цагтаа багтаан орлон, хослон, хавсарч ажиллах тохиолдолд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулна.
Хөдөлмөрийн гэрээ байгуулах үеэд талууд хуульд заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй.
Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно.
Ажил олгогч болон ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээгээр үүссэн хөдөлмөрлөх харилцаа хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр дуусгавар болох буюу ажилтан, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно.
Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах гэсэн ойлголтууд нь ялгаатай. Дуусгавар болох үндэслэл нь ажилтан болон ажил олгогчоос хамааралгүй үүсч болох, нөгөө талаар хүндэтгэн үзэх шалтгаанууд хамаарагддаг.
Хөдөлмөрийн гэрээг цуцлах гэдэг нь ажил олгогч төдийгүй, ажил олгогч санаачлагаараа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа ойлголт юм.
Хөдөлмөрийн гэрээнээс гадна хөдөлмөрийн харилцаанд хамт олны эрх ашгийг хамгаалах, зохицуулах чиг үүрэг бүхий хамтын гэрээ, хэлэлцээр байгуулагдана. Хөдпөлмөрийн гэрээ тухайн ажилтны хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг зохицуулдаг бол хамтын гэрээгээр тус байгууллага, хамт олны эрх ашгийг зохицуулна. Хамт олны эрх ашгийг байгууллага дээр байх үйлдвэрчний эвлэл, үйлдвэрчний эвлэл байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон ажилтны төлөөлөгч ба ажил олгогч буюу захиргааны төлөөлөлтэй байгуулдаг гэрээ юм.
Хамтын гэрээгээр:
• Цалин хөлсний хэлбэр
• Хөдөлмөрийн цалин хөлсөнд оруулан тооцох нэмэгдлүүд
• Сул зогсолтын үеийн олговор
• Нэмэгдэл хөлс
• Илүү цагаар хэрхэн ажиллуулах
• Ажилтны нийгийн асуудлыг хамарч зохицуулна.
ХОЁР: АЖИЛ АМРАЛТЫН ЦАГ, ЦАЛИН ХӨЛС, ОЛГОВРЫН ЗОХИЦУУЛАЛТ
“АЖИЛ ХЭЦҮҮ Ч
АМТ НЬ САЙХАН”
Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа хэн боловч өөрийн хөдөлмөр, үйл ажиллагааны урамшууллыг мөнгөн хэлбэрээр ажил олгогчоос авах ба үүнийг цалин, хөдөлмөрийн хөлс гэж нэрлэнэ.
Цалин хөлсний бүрэлдэхүүнд:
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ээлжийн амралтын биеэр эдлүүлэх, биеэр эдлүүлээгүй бол ээлжийн амралтын олговрыг олгохоос гадна мөнгөн урамшуулал олгож болно. Гэхдээ уг урамшууллын талаар хамтын гэрээнд тусгаж зохицуулаагүй бол олгохгүй.
Хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа ажилтны ажиллах болон амралтын цагийг ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, долоо хоногт 40 цаг ажиллахаар хуульчилсан. Ажлын цагийг тогтоохдоо ажилтны нас, биеийн онцлогийг ажлын байрны онцлогтой уялдуулан тогтооно.
Ажлын цагийг дээр заасан байдлаар өдөр, долоо хоногоор заасан цагаар зохицуулах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодож болно. Түүнчлэн зарим шаардлгатай үед ажил олгогчийн санаачлагаар ажилтныг илүү цагаар ажиллуулах тохиолдол байх бөгөөд ингэхдээ зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн үед ажиллуулна.
ГУРАВ: САХИЛГЫН ШИЙТГЭЛ НОГДУУЛАХ, ХӨДӨЛМӨРИЙН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ
“АЖИЛ ХИЙЖ ХҮН БОЛДОГ
АР ДАВЖ ХҮЛЭГ БОЛДОГ”
Ажилтан хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргахаас зайлсхийж ажиллах ёстой. Сахилгын зөрчил гэдэг нь ажил шалтгаангүйгээр таслах, ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас зохих этгээдээс /байгууллага болн хөндлөнгийн бусад этгээд/ гомдол гаргах, зөрчил нь шалгалтаар тогтоогдох, ажлын байранд согтуурах гэх зэрэг тохиолдол байна. тухайн үйлдлийг зөрчил гэж үзэх талаар хөдөлмөрийн дотоод журам, эсвэл хөдөлмөрийн гэрээнд заасан байх шаардлагатай. Ялангуяа ноцтой зөрчлийн талаар заавал тусгасан байхыг шаарддаг.
Дотоод журам гэдэг нь байгууллагын хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа дагаж мөрдөх акт байх бөгөөд байгууллагад хөдөлмөрийн үйл ажиллагаа ямар байдлаар явагдах, шагнал урамшуулал, зөрчлийг хэрхэн зохицуулж, шийтгэл хүлээлгэхийг тусгадаг. Гаргасан зөрчлөөс хамаарч дараах шийтгэлийг ногдуулна. Үүнд:
• Сануулах
• Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах
• Ажлаас халах
Эдгээр шийтгэлийг зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, илрүүлснээс хойш 1 сарын дотор ногдуулах ёстой.
Сахилгын шийтгэлийг шат дараалан ногдуулахгүй ба зөрчлийн хэмжээнд тохируулан алиныг нь ногдуулахаа ажил олгогч шийдвэрлэх эрхтэй. Хэрэв зөрчлийг “ноцтой” гэж үзэж байгаа бол шууд ажлаас халах шийдвэр гаргаж болно.
Хөдөлмөрийн маргаан хөдөлмөрийн гэрээнээс эсвэл хамтын гэрээнээс үүдэн гарч байгаа эсэхээс хамаарч
• Хөдөлмөрийн ганцаарчилсан
• Хамтын маргаан гэж ангилна.
Ажилтан ба ажил олгогчийн хооронд үүсч байгаа санал зөрөлдөөнийг ганцаарчилсан маргаан гэх бол хөдөлмөрийн хамт олны төлөөлөгч ба ажил олгогч нарын хооронд үүсч байгаа маргааныг хамтын маргаан гэж нэрлэнэ.
Ганцаарчилсан маргааныг:
• Хөдөлмөрийн маргаан таслах комисс
• Шүү шийдвэрлэнэ.
Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь тухайн байгууллага дээр ажил олгогчийн төлөөлөл болон ҮЭ эсвэл ажилтны төлөөллөөс бүрдэж байгуулагдана. Уг комисс нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд харъяалуулснаас бусад маргааныг ажилтны гаргасан өргөдлөөр хүлээн авч шийдвэрлэнэ.
---oOo---
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ
Монгол Улс нь 8252 км 658 м урт хилтэй. Үүнээс хуурай газраар 7348,5 км, усаар 904,158 км хиллэдэг. Мөн манай улс нь ОХУ-тай 3543 км хиллэдэг бөгөөд үүнээс хуурай газраар 2860 км, усаар 683 км, БНХАУ-тай 4709,658 км хиллэдэг үүнээс хуурай газраар 4488 км, усаар 221,158 км-ээр тус тус хиллэдэг байна.
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС...
Хуулийн зорилго нь юу вэ?
Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах зорилгоор...
-Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх,
-Хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах,
-Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх,
-Хил хамгаалах байгууллагын тогтолцоо, бүрэн эрхийг тодорхойлох,
-Хил хамгаалалтад иргэн, байгууллагыг оролцуулах,
-Хилийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тогтоох зорилготой.
Монгол Улсын хил гэж юу вэ?
Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ.
Уг шугамаас эгц дээш агаарын хил, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.
Улсын хил халдашгүй дархан байна.
Хилийн хамгаалалт гэж юуг хэлэх вэ?
-Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах,
-Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хилийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх,
-Хилийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор улсын хилийн бүс, зурваст Улсын хил хамгаалах байгууллагаас улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах,
-Цэргийн, инженер-техникийн, улс төр, дипломатын, эдийн засгийн зэрэг арга хэмжээг хослуулан явуулж байгаа үйл ажиллагааг улсын хил хамгаалалт гэнэ.
Хилийн ус гэж юуг хэлэх вэ?
Улсын хилийн шугам дайран өнгөрч байгаа нуур, гол, мөрөн, горхи болон гадаргын бусад усыг хилийн ус гэнэ.
Улсын хилийг хэн өөрчилж, тогтоож, тодорхойлдог вэ?
-Монгол Улсын Их Хурал
Улсын хилийг тогтоохдоо:
1/ хуурай газарт тодорхой тэмдэгт, тогтвортой юмсыг хооронд нь холбосон шулуун шугамаар, эсхүл уул, нурууны усны хагалбараар
2/ гол, мөрөн, горхинд үндсэн урсгалын дундуур, нууранд нуурын эрэгт тулж ирсэн улсын хилийн шугамын хоёр үзүүрийг холбосон шулуун шугамаар;
З/ төмөр зам, авто зам, гүүр, далан, бусад барилга байгууламжид улсын хилийн шугам бодит байдлаараа хаагуур өнгөрч байгаагаар тогтоогдоно.
Улсын хилийг хэрхэн тэмдэглэх вэ?
Улсын хилийг хил залгаа улстай байгуулсан гэрээний дагуу газар дээр нь геодезийн аргаар тодорхойлж, тод харагдах, бат бэх хилийн тэмдгээр тэмдэглэнэ.
Улсын хилийн бүс гэж юу вэ?
1. Улсын хил хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг хилийн бүс гэнэ. Түүний өргөнийг хил хамгаалах байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр улсын хилийн шугамаас 100 км-ээс илүүгүйгээр тогтооно.
Улсын хилийн бүсэд амьдардаг иргэдэд дагаж мөрдөх журам байдаг уу?
• Байдаг. Үүнд:
1/ хил орчмын нутаг дэвсгэрт оршин суугч нь иргэний паспортаа хаягийн тэмдэглэлтэй байна;
2/ оршин суугч нь улсын хилийн зурвас хүртэл чөлөөтэй зорчиж, нутаглаж, ажил, үйлдвэрлэл эрхэлнэ;
З/ улсын хилийн бүсэд оршин суудаггүй иргэн нь хилийн бүсэд нэвтрэхдээ иргэний паспорттай байна.
4/ хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаггүй иргэн, байрладаггүй байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн бүсэд ажил, үйлдвэрлэл явуулах тохиолдолд Улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авна.
5/ хуульд өөрөөр заагаагүй бол улсын хилийн бүсэд гадаадын иргэн, харьяалалгүй хүн байнга оршин суухыг хориглоно.
6/ хил орчмын нутаг дэвсгэрт зорчих эрхийн хүчин төгөлдөр баримт бичгээр Улсын хилийг нэвтэрсэн гадаадын иргэн тухайн сумын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглоно.
Улсын хилийн зурвас гэж юу вэ?
Улсын хилийн бүсэд хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны зориулалттай хилийн инженер, техникийн байгууламж барих зорилгоор улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр Улсын хил хамгаалах байгууллагаас тогтоосон нутаг дэвсгэрийн улсын хилийн зурвас гэнэ.
Иргэн нь улсын хилийн зурваст Улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэйгээр нэвтэрч ажил, үйлдвэрлэл явуулж болно.
Хилийн орчимд иргэнд хориглох зүйл байдаг уу?
Байдаг. Үүнд:
-Улсын хилийн тэмдэг, холбоосыг эвдэх, гэмтээх, хөдөлгөх, шилжүүлэх;
- Хуульд зөвшөөрснөөс бусад үндэслэлээр газар хагалах, суваг шуудуу татах, барилга байгууламж барих;
- Улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүйгээр хилийн инженер, техникийн байгууламжийн цаана гарах, улсын хилийн шугам, тэмдэг дээр очих;
- Монгол Улсын эрх ашигт хохирол учруулсан ажил, үйлдвэрлэл явуулах, Улсын хил хамгаалах байгууллагад урьдчилан мэдээлэхгүйгээр тэсэлгээ хийх;
- Цацраг идэвхт, химийн хорт бодис байрлуулах, тараах
- Улсын хилийн шугамаас 2000 метрийн дотор ан агнах, ан амьтныг хөөж хил давуулах
- Хариулгагүй мал байлгах, зөвшөөрөлгүй айл нутаглуулах
-Улсын хилийн шугамын дагуу урсаж байгаа гол, мөрний усыг боох, суваг шуудуу татаж усны урсгалын гольдрол, түвшин, чиглэлийг өөрчлөх
- Монгол Улсын хуулиар хориглосон арга, хэрэгслээр ан агнах, загас барих.
Хил орчмын нутаг дэвсгэр гэж юуг хэлэх вэ?
Хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрийг хил орчмын нутаг дэвсгэр гэнэ.
Улсын хилийг хэн хамгаалах вэ?
Газар, усан дээрхи улсын хилийг хил хамгаалах байгууллага, агаарын хилийг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг хамгаална.
Шаардлагатай үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр ерөнхий зориулалтын цэргийн зарим анги салбарыг улсын хил хамгаалах зорилгоор ашиглаж болно.
Улсын хилд албан үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч, иргэний эрх зүйн баталгаа нь юу вэ?
1. Цэргийн албан хаагч, иргэн нь Улсын хилд албан үүрэг гүйцэтгэж байгаа үедээ төрийн төлөөлөгч байж, улсын эрх ашгийн үүднээс иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах эрхтэй.
2. Улсын хилд хил хамгаалах албан үүргээ биечлэн гүйцэтгэж байгаа иргэн гэмт халдлагын улмаас амь насаа алдвал түүний гэр бүлд цалингийн дунджаар тооцсон таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно.
З. Албан үүрэг гүйцэтгэж байгаад гэмтсэн, эрүүл мэнд нь хохирсон бол эмчилгээний зардал, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэсэн зардлыг тус тус улсаас олгоно.
4. Улсын хил дээр алба хааж байгаа офицер, ахлагчийн гэр бүлийг тэргүүн ээлжинд ажлаар хангах бөгөөд тэднийг ажлаар хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа цалингийн доод хэмжээгээр тооцож улсаас олгоно.
Хилийн суман, харуулд алба хааж байгаа офицер, ахлагч хүнсний хангамж үнэгүй эдэлнэ.
5. Хилийн тусгай анги, салбарт алба хааж байгаа офицер, ахлагч тэдний гэр бүлийг ээлжийн амралтаараа /нөхөр, эхнэрийн/ нутагтаа амарвал 2 жилд 1 удаа ирэх, очих унааны зардлыг улсаас олгоно.
6. Улсын хилд таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн суманд 5О хувь, суурин бус газар байрладаг хилийн хороонд З5 хувь, нийслэл, аймгийн төв, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн хороо, агаарын довтолгооноос хамгаалах салбарт 25 хувиар бодож нэгтгэн таван жил тутамд олгоно.
Улсын хилийг хамгаалахад ямар тохиолдолд зэвсэг хэрэглэх вэ?
1.Анхаарууллагагүй зэвсэг хэрэглэх тохиолдол:
-Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмөрсөн зэвсэгт халдлагыг няцаах;
-Улсын хил дээр үүссэн зэвсэгт өдөөн хатгалга, хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоох
-Хил зөрчигчийн зэвсэгт эсэргүүцлийг таслан зогсоох
2.Хилийн манаа нь урьдчилан анхааруулах дохио өгсний дараа уг халдлага, довтолгоон үргэлжилбэл дараахь тохиолдолд байлдааны зэвсэг хэрэглэнэ.
1/ хилчин, иргэний амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн нь зэвсэг хэрэглэхгүйгээр зогсоох бололцоогүй бол
2/ иргэний өмчийг зэвсэгт халдлагаас хамгаалах арга хэмжээ авсан боловч таслан зогсоогдохгүй бол;
З/ улсын хил дээр үүссэн өдөөн хатгалга, хил зөрчигчийн үйлдлийг өөр арга, хэрэгслээр зогсоох боломжгүй бол.
3.Хилийн манаа нь зэрлэг амьтнаас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд зэвсэг хэрэглэж болно.
4.Хилийн манаа ан хийх, хил давуулан буудахыг хориглоно.
5.Улсын хил хамгаалалтад албан үүрэг гүйцэтгэж байгаа хилчин нь тусгай техник, хэрэгсэл, албаны нохой, бие хамгаалах аргыг хэрэглэж болно.
Хилийн нутаг дэвсгэрийн Засаг дарга ямар бүрэн эрхтэй вэ?
1/ өөрийн нутаг дэвсгэрт байгаа Улсын хил хамгаалах байгууллагын хангалт үйлчилгээнд туслалцаа үзүүлж улсын хилийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих
2/ улсын хил орчмын дэглэмийн биелэлтэд хяналт тавьж, түүнийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;
З/ иргэнийг сайн дурын нь үндсэн дээр улсын хил хамгаалалтад татан оролцуулах
4/ улсын хил хамгаалахад туслах хүчнийг ажил үйлдвэрлэл, нутаг дэвсгэрийн байрлалаар нь байнгын болон түр хугацаагаар зохион байгуулж улсын хил хамгаалалтад оролцуулах;
5/ хилийн сумын төсөвт улсын хил хамгаалалтад зориулсан нэмэгдэл зардал тусгах.
Монгол Улсын иргэнд уг хуулиар ямар үүрэг хүлээх вэ?
1/ улсын хилийн болон хил орчмын дэглэмийн шаардлагыг биелүүлэх
2/ улсын хил хамгаалахад туслах;
З/улсын хилийн бүс, зурваст байнга болон түр оршин суудаг бол ажил, үйлдвэрлэл явуулж байгаа байрлалаараа улсын хил хамгаалалтад оролцох
4/ улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн үйлдлийн талаар Улсын хил хамгаалах байгууллагад мэдээлэх.
Улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа иргэн ямар эрх эдлэх вэ?
1/ хил зөрчигчийг саатуулж, нэн даруй мэдээлэх;
2/ улсын хилийн бүс, зурваст зорчин явагчийн баримт бичгийг шалгах;
З/ улсын хилийн зурваст чөлөөтэй зорчих;
4/ зэвсэгт хэрэгсэл, уналга, хүнсээр хангагдах;
5/ улсын хил хамгаалалтад идэвхтэй оролцсоны шагнал, мөнгөн урамшуулал авах
6/ улсын хил хамгаалалттай холбогдсон санал, хүсэлтээ Улсын хил хамгаалах байгууллагын удирдлагад уламжлах.
Монгол Улс хилийн талаар баримтлах бодлого нь юу вэ?
Улсын тусгаар тогтнолыг хүндэтгэх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэх, хил орчмын нутаг дэвсгэрийн хөгжлийг хангах, улсын хил дээр хүч хэрэглэхээс аль болох зайлсхийх, аливаа асуудлыг энхийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзэх зарчимд тулгуурлана.
---оОо---
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2000 оны
149 дүгээр зарлигаар батлагдсан
УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ИРГЭДИЙГ ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ
1. Монгол улсын иргэн хил хамгаалалтад хэрхэн оролцох вэ?
• Монгол Улсын иргэн сайн дурын үндсэн дээр улсын хил хамгаалалтад оролцоно.
2. Туслах хүчин гэж юуг хэлэх вэ?
• Аймаг, сумын Засаг дарга нь улсын хил хамгаалалтад иргэдийг сайн дурын үндсэн дээр ажиллуулж байгаа иргэдийг “Туслах хүчин” гэнэ. Ингэхдээ 18 нас хүрсэн иргэдийг нутаг дэвсгэрийн байрлалаар нь байнга болон түр хугацаагаар оролцуулна.
3. “Туслах хүчин” ямар зорилготой вэ?
• улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад хилчдэд туслах
4. аймаг, сумын Засаг даргын дэргэд “Хил хамгаалах орон тооны бус зөвлөл” гэж хэн байх вэ?
- Сумын Зөвлөл:
• Дарга нь сумын Засаг дарга,
• Орлогч дарга нь хилийн ангийн штабын ажилтан,
• Нарийн бичгийн дарга нь сумын Засаг даргын тамгын газрын дарга байна.
- Сумын зөвлөлийн гишүүдэд:
• сумын санхүүгийн тасгийн дарга,
• цагдаагийн байгууллага /тасаг, хэсэг/-ийн дарга,
• хэсгийн төлөөлөгч холбооны дарга,
• тагнуулын ажилтан,
• хүн эмнэлгийн эрхлэгч,
• мал эмнэлгийн байцаагч,
• багийн засаг дарга байна.
5. Туслах хүчний зөвлөл ямар үүрэгтэй вэ?
- Хил хамгаалалтад туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулна.
- Хилийн тухай хууль тогтоомжийг иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэрхэн сахин биелүүлж байгааг хянан шалгаж шаардлагатай арга хэмжээ авна.
- Туслах хүчнийг улсын хил хамгаалалтад оролцуулах ажлыг улсын хил хамгаалах байгууллагатай хамтран зохион байгуулна.
- Улсын хилийн болон хил орчмын дэглэм, боомтын журмыг сахиулах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
- Улсын хил хамгаалалтад төсөвлөсөн нэмэгдэл зардлыг хилийн аймаг, сум, багийн төсөвт тусгаж, зарцуулалтад нь хяналт тавина.
- Улсын хилийн болон хил орчмын дэглэм, боомтын журам сахиулахтай холбогдсон асуудлаар саналаа зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
- Хилийн бүс, зурваст ажил, үйлдвэрлэл эрхэлж байгаа туслах хүчний гишүүдийг оршин суугаа газраар нь хил хамгаалалтанд оролцуулах ажлыг зохион байгуулж удирдана.
- Нутаг дэвсгэртээ байгаа хил хамгаалах байгууллагатай хамтран туслах хүчний гишүүдийн цугларалтыг жилд 2 удаа, нэгдсэн зөвлөлгөөнийг 1 удаа зохион байгуулж явуулна.
- Хил хамгаалах байгууллагаас хилийн цагийн байдлын тухай мэдээлэл авч, шаардлагатай гэж үзвэл орон нутгийн байгууллага, иргэд, хил орчмын оршин суугчдад мэдэгдэж, тэдний сонор сэрэмж, хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ.
- Улсын хил хамгаалалтад оролцох хүсэлт гаргасан иргэдийг хил хамгаалахад туслах хүчний бүрэлдэхүүнд оруулах эсэх асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
- Хилийн цагийн байдал хүндэрсэн үед туслах хүчний гишүүдийг ажил, үйлдвэрлэлээс нь чөлөөлж, хил хамгаалалтад үүрэг гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж удирдана.
- Улсын хилийн болон хил орчмын дэглэмийг санаатай буюу давтан зөрчсөн Монгол Улсын иргэнийг хуулийн байгууллагад шилжүүлэх саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
- Хил хамгаалах байгууллагатай урьдчилан тохиролцож хилийн бүс, зурваст айл өрхийг нутаглуулах арга хэмжээг зохион байгуулна.
- Хил хамгаалалтад идэвх зүтгэлтэй ажилласан, хилийн болон хил орчмын дэглэм, боомтын журмын зөрчлийг удаа дараа илрүүлсэн туслах хүчний гишүүдийг өөрийн эрх мэдлийн хүрээнд шагнаж урамшуулах, дээд байгууллагын шагналд тодорхойлох, зөрчил гаргасан гишүүнийг туслах хүчний бүрэлдэхүүнээс хасах хүртэл арга хэмжээ авна.
6. Хил хамгаалах байгууллага ямар үүрэгтэй вэ?
- Улсын хил хамгаалалтд иргэдийг оролцуулах, туслах хүчний Зөвлөлүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах
- Туслах хүчний Зөвлөлтэй хамтран гишүүдийн нэгдсэн цугларалт, зөвлөлгөөнийг зохион байгуулна.
- Хилийн болон хил орчмын дэглэм, боомтын журам сахиулах ажиллагаанд гишүүдийг сургаж, дадлагажуулна.
- Туслах хүчний гишүүдээс хил хамгаалалтад оролцох төлөвлөгөө, холбогдох бусад баримт бичгийг боловсруулахад туслана.
- Туслах хүчний Зөвлөл, гишүүдийг хилийн цагийн байдлын тухай мэдээллээр хангана.
- Хил хамгаалалтад оролцох хүсэлт гаргасан иргэнийг судалж туслах хүчний бүрэлдэхүүнд оруулах, зөрчил гаргасан гишүүнийг туслах хүчний бүрэлдэхүүнээс хасах тухай саналаа Зөвлөлд оруулна.
- Хил орчмын нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, иргэдэд улсын хил хамгаалалтын улс төр, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулж, хилийн тухай хууль тогтоомж, эрх зүйн актуудыг сурталчлах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
- Хилийн бүс, зурваст байнга байрлаж байгаа туслах хүчний гишүүдийг ердийн болон хүч нэмэгдүүлсэн хамгаалалт, хилийн эрлийн үед үүрэг гүйцэтгүүлэх хуваарь гаргаж, хилийн тодорхой хэсгийг хариуцуулан ажиллуулна.
- Туслах хүчний гишүүдийн үүрэг гүйцэтгэж байгаа байдлыг шалгаж, урамшуулах, хариуцлага хүлээлгэх саналаа Зөвлөлд оруулж шийдвэрлүүлнэ.
7. Туслах хүчний гишүүн ямар эрхтэй вэ?
- Улсын хилийн бүс, зурваст зорчин явагчийн бичиг баримтыг шалгаж, зөрчил гаргагчдыг саатуулна.
- Хилийн бүс зурвас, хил орчмын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчино.
- Улсын хил хамгаалалтад идэвхтэй оролцсоны төлөө төрийн дээд шагнал, нутгийн захиргаа, цагдаа, хил хамгаалах байгууллагаас мөнгөн урамшуулал авна.
- Хуулинд заасан хөнгөлөлт эдлэнэ.
- Хил хамгаалалттай холбогдсон санал хүсэлтээ улсын хил хамгаалах байгууллага, туслах хүчний зөвлөлд тавина.
8. Туслах хүчний гишүүдийн эрх зүйн баталгаа нь...
1. Улсын хил хамгаалалтад идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан, онцгой гавьяа байгуулсан туслах хүчний гишүүнийг холбогдох журмын дагуу төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулна.
2. Улсын хил хамгаалах албан үүрэг гүйцэтгэж яваад амь насаа алдсан туслах хүчний гишүүний гэр бүлд Хилийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 2, 7-д заасны дагуу нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгоно.
3. Хил хамгаалахад туслах хүчний гишүүнд хот хооронд онгоц, галт тэргээр зорчих тийзийг ээлж харгалзахгүй олгож, эмчилгээ хийлгэхээр сумаас аймагт, аймгаас Улаанбаатарт зорчих нэг талын зардлыг тухайн сумын төсөвт тусгасан хил хамгаалалтад зориулсан нэмэгдэл зардлаас олгоно.
4. Туслах хүчний гишүүн нь улсын хил хамгаалах албан үүргээ гүйцэтгэхдээ хувийн машин, мотоциклоо ашигласан бол зарцуулсан шатахууныг улсын хил хамгаалах байгууллагаас олгож, машин техникээ засварлахад мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
5. Хилийн дэглэмийн зөрчил, хил зөрчигчийг илрүүлэн саатуулсан, эд барааг хууль бусаар хил нэвтрүүлсэн, бэлтгэж завдаж байгаа тухай үнэтэй мэдээлэл өгсөн туслах хүчний гишүүнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийн дагуу нутгийн захиргаа, хил хамгаалах цагдаагийн байгууллага, сум, аймгийн Зөвлөлийн дарга урамшуулал олгож, Төрийн дээд ба Засгийн газрын шагналд тодорхойлно.
6. Туслах хүчний гишүүнийг үнэ төлбөргүй эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, урлагаар үйлчлэх тэдний хүссэн аль нэг тогтмол хэвлэлийг захиалж өгөх арга хэмжээг хил хамгаалах байгууллага зохион байгуулна.
7. Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн даргын шийдвэрээр улсын хил хамгаалах ажилд 5-аас доошгүй жил тасралтгүй идэвх зүтгэлтэй ажилласан туслах хүчний гишүүн 10 хүртэл хүнд хил хамгаалах байгууллагын ахлагчийн албан тушаалын 1-3 сарын цалинтай дүйцэх цалинг жилд нэг удаа олгоно.
8. Улсын хил хамгаалалтад биечлэн оролцохдоо зэвсэг, холбооны хэрэгсэл хүнс, тусгай зориулалтын хувцас /эсгий гутал, хөвөнтэй өмд, бээлий/-аар хил хамгаалах байгууллагаас хангагдана.
ХШҮ-ний мэргэжилтэн Э.Нарангарав