ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Баянтүмэн сум
ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМЫН
 
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
 
 
            Баянтүмэн сум нь  1959 оны 3 дугаар сарын 01 ний өдрийн Чойбалсан хотын  Хөдөлмөрчдийн Депутатын хурлын Гүйцэтгэх Захиргааны хурлын 11 тоот протоколоор     “Баян” нэгдлийн төвийг түшиглүүлэн Баянтүмэн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааг байгуулсанаар Баянтүмэн сумын даргаар С.Батмөнхийг томилжээ.
 
            Баянтүмэн сум нийслэл Улаанбаатар хотоос 648 км, Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 12 км алслагдсан, тал хээрийн бүсэд оршдог. Тус сум нь нийтдээ 832.0 мянган га газар нутагтай, үүнээс малын бэлчээрийн 554.1 мянган га хадлангийн талбайтай.
 
             Баянтүмэн сум нь физик газарзүйн мужлалаар Монгол орны хээр талын бүсэд оршдог. Тус сум нь урд талаар Матад сум, баруун талаар Булган сум, баруун урд баруун хойд талаар Цагаан – Овоо сум,  хойд талаараа Сэргэлэн сум, зүүн хойд талаар Чойбалсан сум, зүүн болон зүүн урд талаар БНХАУ-тай хиллэдэг.
 
             Манай нутагт Сүүл нуур, Амгалан булаг, Гурваны булаг, Улаан булаг зэрэг булгууд, Хоймор, Очирт, Чонот, Баруун зүүн дунд шорвог, Борцойт, Тэмээт, Дарьт зэрэг давс хужиртай говь, Хялгана, хиаг, мангир таана зонхилсон тал хээрийн бүсийн шигүү ургамалтай бөгөөд Хэрлэн голын сав дагуу бургас мод ургадаг.
 
             Баянбулаг, Ачаа давдаг зэрэг газруудаар хүрэн нүүрсний орд газартай, алт, шохой, нефтийн нөөцтэй бөгөөд цагаан зээр, үнэг хярс, чоно, элбэнх, тарвага, зурам, ондатр, загас, галуу, нугас, тоодог зэрэг ан амьтадын баялагтай.
 
Тус сумын нутаг нь Монгол орны уур амьсгалын мужлалаар  хүйтэвтэр  зунтай, чийглэг уур амьсгалтай мужид багтана. Цаг агаарын дундаж температур –15 0 тай үнэмлэхүй хамгийн бага температур -380, хамгийн их температур  39.50 хүрнэ.
 
Хөрс ургамшилтын хувьд хээрийн бүсийн хэв шинжийг хадгалсан чихэр өвс, таван салаа, сөд, гишүүн, халгай, агь, ганга зэрэг эмийн ургамал хиаг, ерхөг, таана, мангир, сонгино зэрэг бэлчээрийн үнэт ургамлаар элбэг.
 
Манай сум нь олон бахархалтай иргэд, алдартан, хөдөлмөрийн тэргүүний сайчуудын хүй цөглөсөн  тоонот нутаг билээ. Тус сумын нутагт орших Баянбулагт их жанжин Д.Сүхбаатарын номын багш Онхотын Жамьяан мэндэлсэн бол, ардын ерөөлч магтаалч Ч.Жигмид  манай сумынх.
 
 Монголын цэрэг армийн нэрт улс төрийн ажилтан хошууч генерал Равдан, түүний хүү доктор Болд / АНУ-ын элчин сайд / нар манай суманд төрж өссөн. БНМАУ-ын баатар Ойдовын Цэвэлдорж, Монгол улсын аврага саальчин Чулууны Үзмээ,  Лхамхүүгийн Дуламсүрэн, Тожилын Оюунцэцэг, МУ-ын аварга хоньчин Хургын Балжинням, МУ-ын сайн малчин Цогдэлгэрийн Жаргал, С.Сүхбаатар, Х.Мөнхцэцэг, Монгол улсын алдарт уяач Аюушийн Дондов, Цэгмидийн Чойжинжав, Батмөнхийн Хүрлээ, Савааны Гантөмөр, Ойдовын Шадав, Дугарын Дугарсүрэн нар манай нутгийнх.
 
Аймгийн алдарт уяач Хүрэлбаатарын Арсланбаатар, Цог Буянтогтох, Цог Отгонбаатар, Дондов Нямрагчаа, Ваань Ганжаргал, Лувсандорж Сүхчулуун, Довдондоо Энхбаатар, Гонгор Дугар, Ваанжил Аргамжаа, Жамбалдорж Энхжаргал, Дамдинжав Даш зэрэг алдарт уяачдаас гадна хүчит бөхчүүдээрээ алдартай сум билээ.
 
Манай сумын нутагт амьдарч байсан алдарт бөхчүүд ах дүү Гомбо, Гарьдууд бөгөөд тэдний тухай домог мэт ярианууд бий. Ардын хувьсгалаас хойш манай сумаас улсын заан Гонгор, улсын начин Учралт, Аймгийн арслан Ч.Чойгончиг, Т.Баянмөнх, Арсланбаатар, аймгийн заан Н.Очирпүрэв, Аймгийн начин Б.Шагжаадорж, Н.Батрэгзэн, Ч.Батмөнх нарын хүчитнүүд төрөн гарсан билээ.
 
Мөн манай сумаас Хэрээгийн Мөнхболд, Нордон Жамъянцэрэн, Хүрлээ Сээвэн, Лувсандорж Сүхчулуун, Шагдар Жанцан, Мөнх Хатанбаатар, Жанцан Оюунгэрэл, Баасандорж Доржпалам, Орлойн Лувсандагва, Хоолам Энхбаатар нарын мянгат малчид төрөн гарлаа.
 
Сумын төв байнгын цахилгааны эх үүсвэртэй, харилцаа холбоо бүрэн хөгжсөн, халуун ус, ус цэвэршүүлэх төхөөрөмжийн байгууламжтай.
 
Баянтүмэн сум нь 2008 оноос эхлэн хүн ам 2000-д хүрч өдгөө Засаг захиргааны нэгж иргэдийн Төлөөлөгчдийн хурал 21 суудалтай, Засаг даргын Тамгын газар, 4 багтайгаар ажиллаж байна. 
 
Тус суманд 250 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий Ерөнхий боловсролын сургууль, 5 ортой Хүн эмнэлэг, 100 хүний суудалтай Соёлын төв, 40 хүүхдийн дотуур байр, 50-75 хүүхэд хүлээн авах чадалтай Цэцэрлэг, 6 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна.
 
          Тус сумын эдийн засгийн үндэс Мал аж ахуй, газар тариалан бөгөөд аймгийн төвийг мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээр бүрэн хангах зорилго тавин ажиллаж байна.

 

Мэдээ оруулсан: 2017-09-05 14:48:09