ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Улсын аварга тариаланч З.Батхуягтай ярилцсан ярилцлага

ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМЫН  УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ЗЭВЭГ ОВОГТОЙ БАТХУЯГ

     Баянтүмэн сумын 1-р багийн харьяат иргэн Зэвэгийн Батхуяг нь 1957 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Хүйтний худаг гэх газар Зэвэгийн 8 хүүхдийн 2 дахь хүү болж төрсөн.  Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, 1965-1973 онд  Дорнод аймгийн Чойбалсан хотын нэгдүгээр сургуульд суралцан 8 дугаар ангийг дүүргэсэн.

     1973 онд ЕБС-ийг төгсөөд илгээлтээр гарч Баянтүмэн сумын Баясгалант хөдөлмөр нэгдэлд хүнсний ногооны салаанд ногоочноор орж анхны ажлын гараагаа эхэлсэн. Баянтүмэн сумын Баясгалант хөдөлмөрийн нэгдэлд ногоочноор ажиллаж байгаад нэгдэл татан буугдах хугацаа хүртэл хөдөлмөрлөн, Зах зээллийн нийгэмд 1990 оноос хойш  одоог хүртэлх хугацаанд хүнсний ногоо тарих, газар тариалангийн ажлыг хувиараа эрхлэн хөдөлмөрлөж ажиллахын зэрэгцээ Баянтүмэн сумын залуу ногоочдын байгуулсан Баясгалант Хөдөлмөр хоршооны ногоочдыг мэргэжлийн зөвлөгөө  өгч  удирдан  чиглүүлж  ажиллаж  байна.

З.Батхуягийн хөдөлмөрч, бүтээлч алдар гавьяаг төрөөс үнэлэн

·         1991 онд БНМАУ –ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Атарчдын алдар медаль”

·         2003 онд “Дорнод аймгийн тэргүүний тариаланч” цол тэмдэг

· 2006 онд Монголын Багш нарын Холбооны удирдах зөвлөлийн ЕСӨН–ЭРДЭНЭ медаль

·         Атар газар эзэмшсэний түүхт 50 жилийн ойгоор “Дорнод аймгийн Засаг даргын нэрэмжит  /Хүндэт тэмдэг/

·                                                                             Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан”

·                                                                             2018 онд “Улсын аварга тариаланч” цол тэмдгээр тус тус шагнаж урамшуулсан  байна.

                      “Улсын аварга тариаланч” эрхэм цол хүртсэн Батхуягтай хоромхон зуур ярилцсан юм.

                             Танд Улсын аварга тариаланч болсонд баяр хүргэе!

                                За баярлалаа

                               Таны анхны ажлын гараагаар ярилцлагаа эхэлье

     Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын хүн 1970 онд Эгч маань айлын хүн болоод би хөгшин ээжтэйгээ зургаан дүүтэйгээ Дорнод аймагт  ирсэн. Нэгдүгээр арван жилийн наймдугаар анги төгсөөд тэр үед  илгээлтээр малчид мал дээр гардаг байлаа. арван хэдүүлээ Баянтүмэн сумын Баясгалант хөдөлмөр нэгдэлд ирж нэг хэсэг нь мал дээр, нэг хэсэг нь ногоон дээр гараад анхны ажлын гараагаа ногоочны ажлын байраар  эхэлсэн.

     Ногоочин хийж анхны цалин болох 120 төгрөг аваад хөгшин ээждээ өгч ээж маань их баярлаж байсан тэр үед тэтгэвэр, тэтгэмж байдаггүй байсан байх “миний хүү том болсон байна” гэж байсан тэр үед 8 анги төгссөн хүүхэд их л баярлаж байсан. /инээв/  Нэгдлийн дарга Жанлав гэж хүн байсан. илгээлтээр ирсэн хүүхдүүдийг даага, 100 төгрөг өгч их урамшуулдаг байж билээ. тэр үед долоо, найм төгсгөөд илгээлтээр гаргачихдаг байсан, уг нь гараагүй бол хөдөө аж ахуйн техниккумд орчихоор байсан юм.  Хүүхдүүд бие биеэ дагаад ер нь их сайхан хөдөө гарч ажил хийнэ гээд гарчихсан. /Инээв

1974 оны есөн сард  Төв аймгийн Эрдэнэ сумын  коллежид трактор комбайнчны курст явсан.  1975 онд курсээ төгсөж ирээд шууд цэргийн алба 3 жил хаахаар явсан даа.

Та эхнэртэйгээ хэзээ танилцаж байсан бэ?

     Гэр бүлийн хүнтэйгээ 1979 цэргээс халагдаж ирээд танилцсан. Манай гэр бүлийн хүн хөдөө аж ахуйн ТМДС-д тракторч-комбайны анги төгссөн. Трактор бариад одоо энэ сүү таваарын механикжсан 400 үнээний ферм байхад даршийг нь ДТ-75-трактораар гишгүүлдэг байсан, тэгээд надтай суугаад том охин маань 1979 онд төрсөн тэгээд л гэргий минь гэрт суусан да.

Ногоо тарихад хамгийн чухал нь юу вэ

     Хүнсний ногоо, үр-сэлгэн тарьхад гол нь хугацаа алдаж болдоггүй.  “хаврын  нэг өдөр намрын арван өдөртэй тэнцэнэ”- гэдэг зүйр үг байдаг энэ бол маш үнэн үг юм. ер нь ногоо тарихад олон хүчин зүйл байна л даа усалгаа, сийрүүлэх, зэрлэг устгах, хор, бордоо бүх л юмыг бүрэн хугацаанд нь хийж байж л  өндөр ургац авна.

     Үрсэлгээг гурван сарын сүүлчээр дөрвөн сар гарав уу үгүй юу л парниканд хийнэ. яг л нялх төл шиг л маллана ш дээ орой болгон хучна өглөө болгон хучлагыг нь хуулна соёолж байна уу, чийг нь болж байна уу, нар болж байна уу гэх зэрэг ажлын стандарт гэж байна.  үр сэлгээ маш эмзэг тэр болгон хүнд үзүүлдэггүй, хүлэмж гэхэд л ер нь тийм хүн амьтан хамаагүй оруулахгүй оруулсан үед ариутгал хийх,  энэ тэр гээд маш нарийн л да хүний хөлөөр янз бүрийн бохир орно.

     Хүнсний ногоог ил талбайд үрээр тарихад лууван, манжин чинь шар будааны хэртэй гүн суулгачихвал гарч ирж чадахгүй, ил гүехэн суулгачихвал хаврын хүчтэй салхинд хийсээд явчихна гээд л  нарийн ногоог соёолуулах хэцүү байдаг юм да. Бие даагаад нэг гараад ирчихвэл ургалт их сайн 

  Ер нь ногоо бүрийн арчилгаа өөр өөр байна л да жишээ нь байцаа маш их хорхой иддэг, лууван, манжин маналт хийлгэдэг зэрэг

     Ямар ч үр сэлгээг  парниканд байхаас нь анхаарах нь зүйтэй  өглөө болгон хучлагыг нь хуулж, орой болгон хучиж арчилгаагүйгээс  дулаан дутагдал, хэт халалт, чийг, ус тохироогүйгээс цагаан судал гарч өвчилдөг тэгээд талбай дээр гараад ирэхээр навчийг идчихдэг зэргээс урьдчилан сэргийлж ногоочин хүн хөдөлмөрлөх л хэрэгтэй.

     Үүнтэй олон аргаар тэмцдэг  савангийн уусмал, тамхины уусмал хандлаад шүршиж болно. Одоо ч бүр гоё болсон “актара”- гэж хор гарсан байна лээ. Тариалалтын үед үрсэлгээгээ суулгахдаа үндсийг тэр хоронд  дүрээд хийнэ тэгэхэд 60 хоног хамгаалдаг. Төмс гэхэд маналт, сийрүүлэлт, хийж, зэрлэг байхгүй  бол томорно

Таны хувьд ногооны талбайгаа том болгоод ногоо тарина гэж бодож байсан удаа бий уу?

     Би бол гурав дөрвөн га болгоод яаж ийж байгаад тарьж болно л до. Энэ нь  нэгдүгээрт баахан хүн хүч хэрэгтэй болно. Тэгснээс багахан талбайгаа арчлаад сайн чанартай тарих хэрэгтэй, тэндээс арвин ургац авч болдог.    Мал ч гэсэн ялгаагүй. малыг сүүлийн үед тоо нь ихсэж, чанар нь муу болж байгаа гэж ярьдаг, тэдэнтэй л яг адил. би ер нь 30-40 жил ногоо тарьж байна  энэ хугацаанд газар болон  талбай сольж үзээгүй. өөрийн нэг, хоёр га газраа бууцаар бордоод ургацаа авдаг,  яахав  ногооны  болцоо түргэсгэх  үүднээс азот энэ тэр хийнэ.

Та сүүлийн үеийн хор гербицидийн хэрэглээг юу гэж боддог вэ?                         

     Би бол айхтар тийм юм хэрэглэдэггүй. зэрлэг энэ тэрийг гараараа л хийхийг илүүд үзнэ л дээ их га газартай хүн бол алийн болгон гараар зэрлэг түүчхэв дээ 1-2 га газартай хүн гар аргаар зэрлэгээ түүвэл болоод л байдаг, ер нь хүнс бол хүний эрүүл мэнд шүү дээ

Сүүлийн 3 жил цаг агаарын хэт их халалт болоход та хэвийн ургац авч байна энэ нь таны олон жилийн туршлагатай холбоотой юу?

     Хүн аливаа зүйлийг эхлүүлсэн бол хөдөлмөрлөх л чухал, уйгагүй ноцолдож, залхуурахгүй л байх хэрэгтэй. Өнөөдөр нартай байна гээд хийх ажлаа больж болохгүй. цагийн юмыг цагт нь хийх хэрэгтэй. Усалгааг дандаа оройн цагаар орой сэрүү орсон үед хийнэ. Өдөр хийсэн усалгаа-хөрсийг хага хага хатаачихдаг юм.   Орой хийсэн усалгаа нь шөнийн цагаар чийг нь ургамалдаа очоод шингэц сайтай байдаг. Хэт халуун байвал өглөө сэрүүцүүлэх зорилгоор усалгааг  бас хийж болно.

Та Залуу ногоочиддоо хандаж юу гэж хэлмээр байна?

     Ахмад ногоочны хувьд ногоо тарихад хөрсөө маш сайн боловсруулаад, газартайгаа харьцаж чадвал ургац алдана гэж байхгүй гэж боддог

Таны хүүхдүүд ногоо их усалдаг байсан байх да?

     Гэр бүлийн хүн, хүүхдүүдтэйгээ олон жил ногоо тарьсан.  хамгийн бага нь 2 бетон бариад л ногоонд орчихдог байлаа. /инээв/  

     Усалгаа хийдэг жижигхэн бензин мотортой байсан. тэр мотороо гол дээрээ тавиад усаа шаланкаар соруулчихна. Хориод  турботой  тэрийгээ  боошигон  дээгүүр  тавиад талбайнхаа зүүн талаас эхлээд арван тав юм уу хорин мөр байцаа тариад нэг боошиг алгасаад нэг  бошиг  тавиад  200  боошиг өртөөлөөд тавьчихдаг байлаа. турбоныхоо залгааг онгойлгоход эхний боошиг усаар дүүрэнгүүт дараагийн боошгонд хийгээд боошигоо дүүр-гээд авчихдаг байсан. тэгээд богшигноосоо хүүхдүүдтэйгээ бүгдээрээ зүүн талаа эхлээд услаад зүүн талаа дуусангуут баруун талаа услаад тэгээд 30 мөр услаад дуусахад нөгөө турбогоо дахиж дэвшүүлээд дахиад цаад талын мөрүүдээ усална. Ер нь ногоог тогоонд нь услах маш сайн. Би ер нь байцаа болон бусад ногоог тогоонд нь усална. Одоо энэ нацотик хэчнээн цаг шүршиж байж үндсэндээ очно, харин хувингаар усалгаа хийхэд гурав, дөрвөн литр ус хийхэд л маш сайн чийгээ барьдаг. Тэр үед усалгааны систем одоогийнх шиг олон байгаагүй ээ.

Одоо ногоо тарьж байгаа залуучууд бага болж байна. Үүнийг та юу гэж боддог вэ?

     Залуучууд маань бэлэнчлэх сэтгэлгээ ихтэй болсон.  Тэгээд ч бүх юм нь бэлэн болчихсон доо. мөнгө л байвал захаас очоод авчихна. Миний бодлоор бол  хөдөлмөрлөж тарьсан ногоогоо идэхэд маш амттай санагддаг.

Сүүлийн үед цахим ертөнцийн мэдээллээс болж хүнсний хэрэглээндээ хүн санаа зовдог болсон энэ тал дээр та юу гэж боддог вэ?

     Тийм шүү хүмүүс сүүлийн үед үнэтэй ч гэсэн монгол ногоо идэх сонирхолтой болсон байна лээ. Урд хөршийн ногоо муу муу гээд л байгаа мөртлөө хэрэглэх үедээ хэрэглэж байна.  Гэхдээ монгол ногоо байгаа үед, үзэсгэлэн худалдаагаар өвлийнхөө хэрэгцээг сайн авдаг. Манай хөрсөнд тарьсан помидор, урдаас ирсэн помидор хоёр хоорондоо шал өөр байдаг.  яахав дээ урд хөршийнхөн янз бүрийн химийн бордоо хийдэг байхаа манай энд чинь малынхаа бууц, Хэрлэн голын рашаан шиг усаар услахаар амттай ч байхгүй яахав  дээ.

Ногоочин хүний аз жаргалтай мөчөөс та хуваалцахгүй юу?

     Хавар их хэцүү ш дэ талбай минь хайрлачихаад л,  шороонд нүүр амаа хагартал ажиллаад байж байж, намар ургацаа хураан авах үед ногоочин хүний хамгийн аз жаргалтай мөч бий болдог до.

 

Мэдээ оруулсан: 2018-02-06 17:00:36