Газар зохион байгуулалт нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрын кадастр эрхлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, газрын эдийн засгийн чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, газар зүйн болон газрын харилцааны таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий цогцолбор арга хэмжээ мөн.
Газар зохион байгуулалт хийх тухай Засгийн газар, түүний эрх бүхий байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй.
Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ:
-улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө;
-аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө
-хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл;
-нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө;
-шинээр хот суурин байгуулах, атар газар эзэмших, тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох, томоохон үйлдвэр, уурхай, зам, шугам сүлжээ, бүс нутгийг хамарсан олон улсын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газар болон чөлөөт бүс байгуулахтай холбогдсон схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг, төслүүд;
-газрын кадастрын зураг, бүртгэл, судалгаа, үнэлгээний материал.
Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаль, газар зүйн нөхцөл, газрын нөөц, түүний экологи, эдийн засаг, орон зайн багтаамж, чадавхид зохицсон газрын менежментийн бодлогоор улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 16-20 жилийн хэтийн чиглэлийн баримжаатай зураг төслийн баримт бичиг байна.
Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.
Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.
- See more at: http://www.gazar.gov.mn/pages/398#sthash.LLQqo8Zv.dpuf
Мэдээ оруулсан: 2016-02-20 15:38:54