Ишжамц нь 1916 онд Сүхбаатар аймгийн Түвшин-ширээ сумын нутагт малчин ард Шагдарын анхдугаар хүү болон мэндэлсэн.
Бага насаа эцэг эхийн гар дээр мал аж ахуй эрхлэн ажиллахын зэрэгцээ гэрээр бичиг үсэгт суралцаж тодорхой хэмжээний бичиг үсэгтэн болсон байна.
1936 онд цэрэгт татагдаад шинэ цэрэг байхдаа бичиг үсэгтэн байсны ачаар Офицерийн сургуульд суралцан офицер болж төгсөөд, ардын армийн 13-дугаар хороонд Салбарын даргаар томилогдон ажлын гараагаа эхлэж, улмаар Ангийн штабын туслахаар дэвшин ажиллаж байгаад Ховд аймаг дахь Хатан баатар Магсаржавын нэрэмжит хороонд шилжин ажиллаж байх хугацаанд баруун хилийн байдал түгшүүртэй болж, Батлан Хамгаалах Яамнаас цэрэг дайны тодорхой мэдлэг бүхий зарим офицерүүдээр нөхөн хангалт хийх шийдвэр гарч, Булган сумын Хилийн цэргийн отрядыг өргөжүүлэхэд тэнд тушаалаар очиж,1950-иад оны эхээр хилийн будлиан төгсгөл болж. Энх цагийн байдалд шилжиж, армид нилээд хэмжээгээр цомхотгол хийхэд, армиас ахмад цолтой халагдаж Дорнод аймагтаа шилжин ирж ажиллан байгаад 1953 онд Хөдөлмөр нэгдэл байгуулагдахад тухайн үеийн аймаг орон нутгийн намын байгууллагаас үүрэг авч шинэ тутам байгуулагдаж байгаа нэгдлийн Намын үүрийн даргаар ажиллаж үеийн хэдэн залуустай хамтран ажиллаж эхэлсэн. Улмаар нэгдлээ өргөжүүлэн засаг захиргааны сум болгох зорилт тавьж, сум байгуулах урьдчилсан нөхцөл бүрдүүлэхээр анхны цэцэрлэг, хүн эмнэлэг, малын эмнэлэг, сургууль зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудыг ээлж дараатайгаар байгуулж, иргэдийн өдөр тутмын үйлчилгээ үзүүлэх,холбоо, худалдааны байгууллагуудын эх үүсвэрүүдийг тавьснаар 1959 он гэхэд сум болон өргөжсөн юм.
1959 онд улсын хэмжээнд ажиллаж байсан эд хэрэглэгчдийн бүх хоршоодыг өргөжүүлэн ХБЯ-ны системийн улсын худалдааны байгууллага болгон өргөжүүлэх үед Чойбалсан хотын худалдааны салбар дэлгүүрийн суурин дээр тулгуурлан сумын анхны ХБА-ийг байгуулж анхны даргаар ажиллаж насан өөд болтлоо буюу 1963 онд ажиллаж байгаад тухайн үед барааны няраваар ажиллаж байсан Төрийн Норовсамбууд ажлаа хүлээлгэн өгсөн.
Амьдралынхаа хугацаанд 1939 оны Халхголын зарлаагүй дайнд 13 дугаар хорооны салбар, удирдан оролцож , 1945 оны чөлөөлөх дайнд түүхт хорооныхоо штабын туслахаар ажиллан оролцож, дэлхийн дайны дараа эх орныхоо алс баруун хязгаарын батлан хамгаалах үйлсэд зүтгэж, мөн баруун хязгаарын тулалдаануудад удирдах үүрэг гүйцэтгэн явсан эх орончдын нэг. Цэрэг дайны үед том албан тушаалтан явж улс орон даяар нэр нь түгээгүй ч жинхэн тулалдааны талбарт өөрийн цэргийн хэргийн эрдэм мэдлэгээ газар дээр нь харуулж явсан нэр нь тодроогүй баатруудын нэг нь байсан юм билээ.
Эхнэр Гончиг овогтой Цэрэннадмид нь Чойбалсан сумын харъяат дайны хүнд жилүүдэд ханилан сууж , тэр цагаасаа хойш дайн байлдааны үед ч, Ховдын хязгаарын түгшүүрт цаг үед үргэлж дэргэд нь байж хүнд үед түшиг болж явсан нэгэн. Маш хөдөлмөрч эмэгтэй учраас нэгдэл сумандаа саальчнаар ажиллаж байхдаа орон нутгийнхаа хөдөлмөрийн сайчуудын тэргүүн эгнээнд явж Улсын анхдугаар хөдөлмөрийн сайчуудын зөвлөлгөөнд оролцож байсан бөгөөд Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр удаа төр засгаас хөдөлмөрөө үнэлүүлж байсан.
Түүний эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртөй биелүүлсэн болон хөдөлмөрийн амжилтыг нь үнэлэн Цэргийн гавъяаны одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Бид ялав медаль, Халхголын медалиуд, Ардын хувьсгалын 25, 30, 40 жилийн ойн медалиудаар шагнагдаж байсан. Бүх амьдралынхаа хугацааг улс эх орныхоо төлөө зориулсаар яваад 1963 онд 47 хон насандаа насан эцэс болжээ.
Тэмдэглэл хөтөлсөн: Б.Баасанжав
Мэдээ оруулсан: 2019-07-25 12:49:36