2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр | Улаанбаатар хот |
Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-ын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасугай. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 102 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан энэ тогтоолын 1-д заасан хугацаанд дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай:
2.1. цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоох хугацаанд хүүхдийн хоол, үдийн цайны зардлаас хэмнэгдсэн хөрөнгийг бямба гарагт хичээллэх багш, ажилтны цалин хөлс болон тухайн байгууллагад ариутгал, халдваргүйтгэлийн материал худалдан авахад зарцуулах;
2.2. ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан теле хичээлийг үргэлжлүүлэх, багш нарын 1, 5, 10 дахь жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулахад шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө зохицуулалт хийж шийдвэрлэх.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолын 5 дахь заалт, “Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1.1 дэх дэд заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолын 1 дэх заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 63 дугаар тогтоолын 1 дэх заалтын “3 дугаар сарын 2-ны” гэснийг “3 дугаар сарын 30-ны” гэж тус тус өөрчилсүгэй.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолын 5 дахь заалтын “3,” гэснийг, “Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолын 3 дахь заалтын “албан ажлын” гэснийг тус тус хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД
Мэдээ оруулсан: 2020-02-21 10:12:28